Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.10.24-ний өдрийн №195 Шт
Шийдвэрийн шийдвэрийн тойм: №01, 2023.01.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Б аймгийн Прокурорын газраас Т-г Аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа Б-г буюу хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хамар луу нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Т-г 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үндэслэлээр драгер багаж үлээлгэх гэхэд үлээхгүй гэсний улмаас түүнийг Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэсэн байх ба цагдаагийн алба хаагчид түүнийг шалгахдаа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан "согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглох” тухай заалтуудыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч Т-г хуульд заасан үндэслэлээр эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад эрүүлжүүлэх гэж хүч хэрэглэснийг шүүгдэгч Т эсэргүүцэн цагдаагийн алба хаагч Б-ын хамар руу нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсанүйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгчийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх үйлдэлд гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Т-д Эрүүгийн хуульд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т-ийн хүний биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү