Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.01.30 №27 Шт
Шүүхийн шийдвэрийн тойм: №02, 2023.02.14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: "Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Аймгийн Прокурорын газраас тус аймгийн Замын цагдаагийн ажилтан Н-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулж хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан, мөн Ц, Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн Б нь 2017 оны 08 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, түүний энэ үйлдэлд замын цагдаа Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын А/142 дугаар тушаалаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх тухай журмыг шинээр баталж, уг журамд жолоодох эрхээ хасуулсан хүн төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй 6 цагийн багц сургалтад хамрагдан батламж авч, батламжийг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс эрхийг сэргээхээр заажээ.
Цагдаагийн ажилтан Н нь дээрх журмыг зөрчиж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Б-ээс өөрөө шалгалт авч, улмаар шалгалтад тэнцээгүй унасан байхад нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын төвийн багш Ц-ээр дамжуулан 50000 төгрөгийн хахууль авч Б-г шалгалтад тэнцсэн мэтээр материалыг бүрдүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгч Н-ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан, жолооны багш Ц болон Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н-д төрийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц, Б нарт төрийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч Н, Ц, Б нарын холбогдсон хэрэгт мөнгөн дүн бага хэмжээтэй боловч төрийн албан тушаалтан өөрт олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэсэн олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн, цаашид хуулийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл үнэлэмжийг бууруулсан сөрөг талтай гэж дүгнэж уг хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.