
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтын эрх зүйн бодлогын хураамж хэвлэгдэн гарлаа.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүгчид нэр дэвшигчид тавих болзол, шаардлагыг тодорхойлсон. Уг болзол, шаардлагын 4.1.8-д "шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай” байх гэсэн шалгуурыг эрх зүйн тохиолдол шийдвэрлүүлэх замаар шалгаж байна. Энэ шалгуур нэр дэвшигчдийн академик мэдлэгийг шалгахаас гадна түүнийг практикт хэрэглэх чадварыг мөн давхар шалгадгаараа олон улс оронд түгээмэл хэрэглэдэг сонгомол арга юм.
2014 онд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүгч, Ерөнхий шүүгчийн 176 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгууллаа. Үүнээс анхан болон давж заалдах шатын шүүхийн 74 Ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн 23 шүүгч томилогдож, анхан шатны шүүхэд 63 шүүгч шинээр томилогдлоо. Тус сонгон шалгаруулалтын шалгалтанд салбар эрх зүй тус бүрээс сонгогдсон бодлогыг эмхэтгэн Та бүхэнд хүргэж байна.
Тус эмхэтгэл нь эрх зүйн шинжлэх ухаанд суралцаж буй оюутан залуус, нийгмийн бүхий л салбарт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй хуульчид болон иргэдийн эрх зүйн боловсролын хэрэгцээнд төдийгүй Хууль зүйн их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалт, Хуульчийн болон Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдод гарын авлага болно хэмээн найдаж хэвлүүлэв.
Тус бодлогын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авах боломжтой.