Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2014, 15:02   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Н.ЛҮНДЭНДОРЖ: Шүүхийн ерөнхий зөвлөл хууль л биелүүлсэн

Шүүгчдийн цалингийн асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсан сэдэв хэвлэл, олон нийтийн анхаарлын төвд ороод байна.Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

 

 - Шүүгчдийн цалинг хууль бусаар нэмэгдүүлсэн гэсэн шүүмж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган дээр яригдлаа. Та үүнд тайлбар өгөх үү.


 

- Шүүхийн ерөнхий зөвлөлшүүгчдийн цалинг нэмэгдүүлэхдээ ийм хэл ам гарна гэдгийг анхнаас ньтооцож, ёстой "Долоо хэмжиж, нэг огтол" гэсэн зарчмаар судалж, судалж хийсэн ажил. Үүнд хууль зөрчсөн юм огт байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан, хараат бусаар ажиллах үүрэгтэй байгууллага. Хууль нь ийм юм. Энийг яахав, тэрийг яахав гээд төрийн бусад эрх мэдлийн байгууллагаар гүйгээд байх ёсгүй. Энэ байгууллагад 20-30 жил хууль хэрэглэсэн шүүгчид, мөн хуулийг яаж биелүүлдэг онол, арга зүй гадарладаг хүмүүс ажилладаг. Бид тийм гоомой, өөрсдийгөө ороосон юм яалаа гэж хийхэв дээ.


- УИХ-ын дарга, бас хуульч гишүүн Ц. Нямдорж нар хууль бус шийдвэрийн тухай яриад байгаа юм?


 

- Уул нь уг асуудлыг мэдэх л хэмжээний хүмүүс л дээ. Мэдээлэл нь буруу байж магадгүй. Бас улс төр байж болзошгүй. Энд хуулийн жаахан зөрчил бий. Гэхдээ толгой эргүүлсэн хэцүү зүйл байхгүй. Би тайлбарлая. Одоо шүүгчийн цалин тогтоосон 2013 онд баталсан "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль", УИХ-ын 2011 оны 54, 36 дугаар тогтоол байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1 хууль, 2 тогтоол байна гэсэн үг. Үүнээс нэг маргаан үүсээд байгаа юм. Нэг асуудлаар өөр, өөр хууль тогтоомж байхыг хууль зүйн шинжлэх ухаанд коллици буюу зөрчилдөөн гэж нэрлэдэг. Ийм зүйл бүх улс орны үндэсний эрх зүйд байдаг. Үүнийг шийддэг арга, дүрэм улс орон болгонд бараг ижил. Тэр дүрмээр нь Шүүхийн ерөнхий зөвлөл зөрчилдөөнийг шийдэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа баримталсан. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш, харин хууль биелүүлэгчийн хийх ёстой ажил.


- Тэр зөрчилдөөнийг шийддэг ямар дүрэм байдаг юм?


- Зөрчилдөөнийг шийддэг 3 үндсэн арга байдаг. Үүнийг манай улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлд ч тодорхой зохицуулсан байгаа. Нэгдүгээрт, хамгийн дээд рангийн буюу хамгийн дээд хүчин чадал бүхий эх сурвалжийг баримтална гэсэн дүрэм. Хоёрдугаарт, тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсныг баримтална гэсэн дүрэм Гуравдугаарт,хамгийн сүүлд батлагдсаныг баримтална гэсэн дүрэм байдаг.


- Таны хэлсэн эдгээр дүрмээр тэгээд аль хууль тогтоомж шүүгчийн цалинг зохицуулсан гол хууль болоод байна вэ?


- Одоо хэлэх гээд байна.Энэ дүрмээр шүүгчдийн цалинг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хуулиас шууд салбарласан органик хууль учраас дээрх 2 тогтоолоос хүчин чадлын хувьд хамаагүй дээгүүр, цаг хугацааны хувьд хамгийн сүүлд буюу 2013 онд батлагдсан, цалингийн хэмжээ ямар байх, ямар нэмэгдэл авах гээд бүх асуудлыг нарийн зохицуулснаараа яах аргагүй гол эх сурвалж мөн. Тийм учраас шүүгчийн цалинг дээрх тогтоолоор бус, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсаныг баримтлах ёстой. Харин шүүгчийн цалинг хуулиар зохицуулна гэсэн хуулийн заалтын дагуу хууль нь батлагдаж, зохицуулчихаад байхад тогтоол бариад сууж байвал ёстой хууль зөрчсөн, хариуцлагагүй үйлдэл болно.


- Тэгвэл таны дээр нэрлэсэн шүүгчдийн цалинг тогтоосон УИХ-ын 2 тогтоолыг яагаад хүчингүй болгоогүй юм бол?


- УИХ-ын 54 дүгээр тогтоол нь шүүгч, прокурорын цалинг тогтоосон. 36 дугаар тогтоол нь төрийн өндөр албан тушаалтны цалингийн индекс тогтоосон. Хүчингүй болгож болохгүй л дээ. Энэ тогтоолд өөр субъектын цалингийн асуудал давхар зохицуулагдаж байгаа учраас. Хоёрт, Шүүхийн тухай багц хууль батлагдах үеэр эдгээрт өөрчлөлт оруулах бололцоо бас байгаагүй. Яагаад гэвэл шүүгчдийн цалинг Багц хууль үйлчилж эхлээгүй байх үед тэдгээрт өөрчлөлт оруулчихвал цалин өгөх эрх зүйн эх сурвалжгүй болно. Харин багц хууль үйлчилж, тэр хуульд зааснаар цалинг өгч эхэлмэгц тэдгээр тогтоолд өөрчлөлт оруулах ёстой байсан юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас Хууль зүйн байнгын хорооны даргад энэ асуудлаа шийдэхгүй бол асуудал үүсгээд байна гэсэн агуулгатай албан тоот саявтар илгээсэн байналээ. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Сангийн яам, Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц болон манайд бас албан тоот ирүүлсэн.


- Ямар агуулгатайг та тодруулахгүй юу?


- Албан тоот нь энэ байна. Гол агуулга нь шүүгчийн цалинг тус тусын хуулиар зохицуулна гэсэн хуулийн заалтын дагуу шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг дордуулахгүйгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн утгатай.

 

 

-Тэгвэл баримтлах хуулийн тухайд асуудал тодорхой болсон юм биш үү.

 

 

-Бид тийм гэж бодож байгаа. Хуулийн зөрчилдөөний тухайд ийнхүү маргаангүй болж байна гэж ойлгож болно.

 

 

- Дараагийн асуултдаа орьё. Та дээр хоёр дахь маргаан бас бий гэж хэлж байсан. Тэр нь юу вэ?


-Төрийн албаны тухай хуулиар шүүгчдийн цалинг тус тусын хуулиар зохицуулна гэсэн. Энэ дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлээр шүүгчдийн цалингийн хэмжээг хууль тогтоогчид тогтоосон.Харин одоо Бат, Дорж, Дулмаагийн авах цалингийн хэмжээг бас дахин тогтоох тухай зарим хүн ярих гээд байна л даа. Энэ зөв үү л гэсэн маргаан буюу асуудал байгаа юм.

 

 

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн цалингийн хэмжээг ямар байна гэж тогтоосон юм бэ?


-Хуулийн заалтыг уншиж өгье. "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна" гэж заасан.Энд цалинг зохицуулахдаа тийм зарчим баримтална гээгүй. Бүүр хэмжээ нь тийм байна гэж хуульчилсан.


-Тэгвэл цалингийн хэмжээ тийм байх ёстой гээд хуульд заасныг Шүүхийн ерөнхий зөвлөл тоонд шилжүүлснийг буруутгаад байгаа юм уу.


-Чи зөв ойлгосон байна. Хоёр дахь асуудал үүнд байгаа юм. Бид энэ асуудлыг цалин нэмэгдүүлэн олгох тогтоол гаргах үеэрээ олон талаас ньярьсан. "Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэс болохгүй" гэсэн Иргэний хуулийн 3.7 дахь заалтыг хүртэл ярьж байсан шүү. Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д "Шүүхийн ерөнхий зөвлөл... шүүгчийн эрх ашгийг хамгаалах.. үүргийг биелүүлнэ" гэж заасан. Үүнд нийцүүлж Шүүхийн захиргааны тухай хуулиар ШЕЗ-ийн бүрэн эрхийг тогтоосон бүлгийн 5 дугаар зүйлд: шүүгчийн хараат бус байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, 6 дугаар зүйлд: шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах гэсэн заалт бий. Хөдөлмөрийн баталгааны хамгийн гол институт нь цалин биш гэж үү. ШЕЗ-д хуулиар олгосон эдгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүгчийн цалингийн хэмжээг хуулиар тогтоосныг Төсвийн тухай хууль, батлагдсан цалингийн сандаа багтаагаад тоонд шилжүүлснийг зарим хүн буруу гэж үзэж, бүгдийг УИХ хийх ёстой гэж хараад байх шиг байгаа юм. Хууль биелүүлэх гэдэг ойлголтын агуулгад хуулиар тогтоосон хүрээ хязгаарын хүрээнд зохион байгуулалтын болон бусад арга хэмжээ авах, эрх зүйн акт гаргах эрх хэмжээ хамаардаг. ШЕЗ энэ л эрх хэмжээний хүрээнд ажиллаж, хууль биелүүлсэн.

 

 

-Одоо энэ маргаан яаж шийдэгдэнэ та харж байгаа вэ?


- Хоёр л гарц байгаа. Нэг дэх нь хэрэв шүүгчийн цалинг хуулиар тогтоохгүй, УИХ тогтоолоор тогтоож явна гэвэл шүүгчийн цалинг хуулиар тогтоох тухай холбогдох хуулийн заалтуудыг бүгдийг хүчингүй болгоод, Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явна гэсэн үг. Энэ бол хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ одоо хэцүү. Багц хуулийн заалтууд Үндсэн хуулийн хамгаалалтад орсон. Хоёрт, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын холбогдох байгууллагад ирүүлсэн албан тоотын агуулгаар буюу шүүгчийн цалинг хуулиар нэгэнт зохицууулсны дагуу Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн зохицуулалтыг баримтлаад явах л арга зам харагдаж байна.


-Тэгвэл эхний арга зам нь ухралт болох юм биш үү?

 

 

-Асуудлын гол ньүүнд байгаа юм. Шүүхийн тухай багц хуулийг санаачилсан хүн нь Ерөнхийлөгч. Шүүгчдийн цалинг УИХ-ын тогтоолоор тогтоож байсан хуучин практикийг халж, хуулиар тогтоодог дэг журамд шилжүүлсэн нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж байгаа шүүхийн шинэтгэлийн нэг чухал амин сүнс нь. Төрийн эрх мэдлийн хоорондын хяналт, тэнцвэрийг хангаж байгаа бас нэг алхам. Тийм учраас үүнээс ухрах эсэх нь хууль тогтоогчийн бүрэн эрх хэдий ч УИХ-ын гишүүд үүнээс ухрахгүй гэдэгт би хувьдаа бүрэн итгэж байгаа. Багц хуулийг энэ л парламент баталсан шүү дээ. Ийм ухралт хийхийг Ерөнхийлөгч бас зөвшөөрөхгүй байх. Тэрээр 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр Монгол улсын Ерөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагатай уулзаж үг хэлэхдээ "Шүүгчдийн цалинг хуулиар зохицуулсны ач холбогдлыг тайлбарлаж, шүүгчийн цалинг өмнөхөөс 3 дахин нэмэгдүүлэх ёстой. Үүнийг шүүхийн шинэтгэлийн эрх ашиг шаардаж байна” гээд нэмэгдүүлэх эх сурвалжийнталаар ч чиглэл өгч байсан.

 

 

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?


-Алга даа. Ярилцлага том болохоор хүн залхана. Ер нь цалингийн асуудлаар би дахин ярих бодолгүй байна. Бас юманд хязгаар гэж байх ёстой. Одоо тэр хязгаартаа тулжээ. Бусад нь буянаараа болог.


 

 

 

С.Хишиг 

Эх сурвалж: "Өдрийн сонин” сонины 2014.10.27-ны өдрийн 6-р нүүрт


Нийтэлсэн admin   Үзсэн: 668   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930