2018 оны сургалт, сурталчилгаа хийх ажлын төлөвлөгөөний дагуу Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, туслах Б.Чулуунчимэг нар эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн өргөдлийг хүлээн авч өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Өлзийт, Бөмбөгөр зэрэг сумдаар нүүдэллэн ажиллаж 30 өргөдлийг хүлээн авч 30 эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрүүлэлт 100 хувийн амжилттай ажиллалаа.
Сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахын зэрэгцээ орон нутгийн засаг захиргааны удирдах ажилтнууд, иргэд хөдөлмөрчдөд Шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн шинэтгэлийн талаар, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэний болон бусад хуульд орсон өөрчлөлт, Эвлэрүүлэн зуучлал, шүүхийн уялдаа холбоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогийн талаар танилцуулга хийж, гарын авлага материалыг тарааж өгч хичээл зааж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
Иргэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны амар хялбар байдалд сэтгэл хангалуун байж цаашид үйлчлүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар ихээхэн мэдлэгтэй болсоноо илэрхийлж байлаа . Цаашид тус аймгийн Баянговь, Бөмбөгөр, Шинэжинст сумдад урилгаар ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.