Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.10.25, 2024/ДШМ/62
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 12, 2024.12.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А303 дугаар автозамын Баянхонгор сумаас 42 километрт эсрэг урсгалтай аспалтан замд Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас жолооч Б.Э нас барсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад:
Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүх ....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж. ..буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж.. гэснийг зөрчин энэ зүйл хэсэгт байхгүй хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн хувьд жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа нь зөрчлийн хэрэгт ногдуулах эрх хасах шийтгэлийн хугацаанаас илүү их байхаар Эрүүгийн хуульд хуульчилсан байна.
Анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоол
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл