Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.26, 2024/ДШМ/24
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 11, 2024.12.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Шүүгдэгч Х.Ч нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “....” ХХК-нд “сарлагийн хөөвөр нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “....” ХХК-иас 5 удаагийн үйлдлээр нийт 58,000,000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ч-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад: Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг судлахад шүүгдэгч нь гэрээний харилцаанд бий болсон итгэлийг ашиглаж тодорхой үйлдэл, үйл ажиллагаа явуулах зорилгоор өгсөн бусдын их хэмжээний мөнгийг ашиг олох зорилгоор олон удаагийн үйлдлээр мөрийтэй тоглоом тоглож алдагдалд орсон, улмаар түүнийгээ нөхөх зорилгоор дахин бусдын мөнгийг хуурч итгэл эвдэн авсан үйлдэл тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг бөгөөд өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийснийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоол
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл