Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүхийн шийдвэр: 111/ШШ2025/0006
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №03, 2025.04.23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
“Ч” ХК-аас Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан 0000 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.
Тус компанийн захирлын тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын актаар “...Осол болох үед О нь байгууллагын захиргаанаас албан ёсоор чөлөө аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан эсэх талаараа байгууллагын удирдлагад мэдэгдээгүй өөрийн хүү болох талийгаач Н-ыг өөрийнхөө оронд байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар чөлөө авсан тохиолдолд дараагийн ажилтныг томилон ажиллуулах журмыг мөрдөөгүйгээс болж аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй хүнийг ажиллуулсан нь тус уурын зуух дэлбэрэх нэг суурь үндэслэл болсон. Хохирогч Н-тэй хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул “Үйлдвэрлэлийн осолд тооцож, акт тогтоох боломжгүй” гэжээ.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч актыг эс зөвшөөрч, “...О нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтсэний улмаас өөрийнхөө оронд хүү Н-ыг ажиллуулахаар болсныг байгууллагын хариуцсан ажилтнууд мэдсэн байдаг. Н нь цэцэрлэгийн халаалтын ажил үүргийг гүйцэтгэж байгаад нам даралтын зуухны дэлбэрэлтэд өртөн нас барсан нь үйлдвэрлэлийн осол болсныг нотолж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлээгүй, мөн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтаараа илрүүлээгүй нь буруу. “Ч” ХК нь Н-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргадаг, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн тул Н-ыг үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан гэж үзэн дүгнэлт гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймгийн Б сумын “Ч” ХК-ийн харьяа цэцэрлэгийн уурын зууханд иргэн Н нь тодорхой хугацаагаар ажил үүрэг гүйцэтгэж байсан, үүнийг тус компани мэдэж байсан болох нь холбогдох баримтуудаар нотлогддог бөгөөд тус уурын зуух дэлбэрсний улмаас иргэн Н-ын амь нас хохирсон болох нь тогтоогджээ.
Шүүх Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа