ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №1 - ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХУУЛИЙН ХУГАЦААГ ХЭТРҮҮЛСЭН БОЛ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО
2023-01-30 09:45:44 | 119Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2021/0013 шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 26, Дугаар 1
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Н Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдуулан \"2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1452701 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргажээ.
Гомдол гаргагч Н-ийг орон нутгийн сонгуульд нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгосон байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон бөгөөд нэр дэвшигч энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын орон нутаг дахь салбарт сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, тайлангаа хүргүүлэх боломжит 24 хоногийн хугацаа гомдол гаргагчид байсан гэж дүгнээд гомдлын шаардлагыг шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү
Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан