-1

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАВАН ЖИЛД НЭГ УДАА МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

2026-02-11 00:00:00    |   118

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Шүүхийн шийдвэр: 111/ШШ2025/0023
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №01, 2026.02.11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн Ц-ээс  Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласны төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан.

Ц нь Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 2022 оны 01 дүгээр сараас үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж, 2022 оны 09 сарын 12-ны өдрөөс үндсэн ажилдаа томилогджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу 5 жилд 1 удаа олгогдох мөнгөн урамшууллыг авахаар Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт гаргасан.

Гэтэл төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 3.1.1 дэх заалтад эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж үзнэ гэснээс хугацаа хэтэрсэн тул төрийн захиргааны албанд тасралтгүй ажилласан хугацааг тасарсан гэж үзээд урамшууллыг олгох боломжгүй гэсэн хариуг өгчээ.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц нь Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2009 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нийт 13 жил тасралтгүй ажилласан, мөн 2022 оны 09 сарын 12-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа болох нь нотлогддог.

          Шүүх нэхэмжлэгч Ц-г төрийн захиргааны албан тушаалд 5 жил ажилласны мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/19104?daterange=2025-06-01%20-%202026-06-30&id=1&court_cat=3&bb=1

 

 Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа

 

. . .