-1

СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ №1 - ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ НЬ ШҮҮХИЙН ДУУДСАНААР ХҮРЭЛЦЭН ИРЭХ ҮҮРЭГТЭЙ

2023-01-30 10:47:17    |   109

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.01.02 131/ШЗ2023/00067


Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тоймын огноо, дугаар: 2023.01.27, Процесс хураангуй-01


\"С” ББСБ-аас Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4.293.432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгч \"С” ББСБ нь хариуцагч Г-ийн хаягийг шүүхэд тодорхойлж өгсөн бөгөөд шүүхээс уг хаягаар Г-г дуудаж, нэхэмжлэлийн хувь гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Улмаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч Г нь хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд ирээгүй, утсаар холбогдож шүүхэд ирэхийг даалгасан ч тэрээр шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийж байгаа болох нь тогтоогджээ.

Хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ, шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба гүйцэтгэнэ гэж хуульд заажээ.

Иймд шүүхээс хариуцагч Г-г шүүхэд албадан ирүүлэхийг харьяа Цагдаагийн газарт шүүгчийн захирамжаар даалгасан байна.

 

Санамж:Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхээс гарсан процессын ажиллагааг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.


Хураангуй бичсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл


. . .