Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: 2015 он шүүгч рүү, тэдний оюун санаа, хариуцлага, ёс зүй, мэдлэг боловсрол руу хандсан жил байх болно.
2014-12-25 09:00:00 | 134
Энэ он Шүүхийн захиргааг бэхжүүлж, байр сууриа олсон, юу хийх ёстойгоо мэдсэн жил байлаа. Манай шүүхийн захиргааны бүх систем шүүн таслах ажиллагаанаас тусгаарлагдаж, Шүүхийн захиргааны тухай хуулиар тодорхойлогдсон чиг үүргээ хэрэгжүүлж эхлэхэд зүг чигээ олсон, сандал ширээндээ сууж сурсан жил байлаа гэж би хэлмээр байна. Өнөөдөр хийсэн ажлуудыг дүгнэж, Үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах гэж байна. Хийсэн ажлын үнэлгээг харахад миний МУИС-ийн оюутнууддаа тэр бүр тавьдаггүй өндөр оноог манай ажлын албаныхан Та бүхэнд тавьжээ. Энэ бол ажлын чанарт өгсөн үнэлгэээнээс гадна 2015 онд энэ түвшинд хийгээсэй гэж угтаж тавьсан дүн гэж бас найдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хөдөө орон нутгийн шүүхүүдтэй газар дээр нь очиж танилцсан, ирүүлсэн ажлын тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлаар дэлгэрэнгүй хэлэлцсэн учраас надад та бүхний хийсэн ажлын талаархи төсөөлөл байсан. 2015 онд, 2014 оныхоо ажлыг үргэлжлүүлэн бэхжүүлэх, чанаржуулан баталгаажуулах жил байгаасай гэж онцгойлон анхааруулмаар байна. Бүх Тамгын газрын дарга нарын ажлын товч танилцуулгыг сонссон маань ажилдаа яаж ханддаг, ямар дүн шинжилгээ хийдэг хүн юм гэдгээр таних гэж оролдсон юм.Ханын самбар гаргасан нь шинэ санаачлага биш. Санаачилгад хил хязгаар байхгүй. Ухаан сохор бол нүд сохор гэж муухай үг байдаг. Юмханаар юм хийхэд сайхан харагдаад л байдаг. Тиймээс: Нэгдүгээрт,энэ жил санаачилгын он жил байгаасай гэдгийг хэлмээр байна.
Хоёрдугаарт, шүүгч рүү хандсан он жил байх ёстой. Шүүгчийн оюун санаа, хариуцлага, ёс зүй,мэдлэг боловсрол руу хандсан жил байх хэрэгтэй. 2014 онд бид \"гэр орноо зассан\" учраас шүүгч, шүүх эрх мэдэлд үйлчилдэг байгууллагынхаа үндсэн зорилт руу анхаарлаа хандуулах ёстой.
Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хуулийг тухайн аймгийн шүүхийн захиргааны байгууллага хамгийн үлгэр жишээчээр хэрэгжүүлэх ёстой. Аймгийн ч юм уу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шилэн дансны тухай хуулийг аймгийн хэмжээнд шүүх үлгэр жишээчээр хэрэгжүүлж байна гэх мэдээг гартал ажиллах хэрэгтэй. Тиймээс та бүхэн хуулиа сайн судалж, унших байх гэж найдаж байна. 2015 оны шүүхийн төсөв танагдсан, хүндхэн байгаа. Та бүхэн МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр тавьсан илтгэлийг сайтар уншиж үзээрэй. Цаасан дээрх төсөв бодит байдал дээр байхгүй байж болзошгүй тул хэмнэлтийн горимоор ажиллах шаардлага зайлшгүй тулгарч байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төв дансанд байдаг мөнгийг Та бүхний дансанд тараан байршуулсан байгаа. Шүүхийн төсвийг УИХ-аас танаж баталсан гэдгийг та бүхэн шүүгч нартаа, шүүхийн захиргааны ажилтнууддаа сануулж хэлэхэд илүүдэхгүй.
Дөрөвдүгээрт, Та бүхэнд өөрсдийгөө тал бүрээр хөгжүүл гэдгийг онцолж байна. Тамгын дарга нарын ихэнх нь сайхан залуучууд байна. Үр дүнгийн гэрээн дээр бие даан мэдлэг чадвараа хөгжүүлэх гэдэгт товчхоон төдий өгүүлбэр байгаа байх. Та бүхэнд заавал унших номын жагсаалтыг хүргүүлэх болно. Оюутны хэмжээнд гэж Та бүхэн битгий бодоорой. Бид Та бүхэнд тэдгээр номыг уншуулах гэж шахаж байгаа боловч үр дүн нь та бүхэнд капитал болж үлдэх юм шүү.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс сар бүр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг урьж, тогтмол мэдээлэл хийж байгаа. Та бүхэн бас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад шүүхийн шинэтгэлийн талаархи мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй түгээх ажилд зүтгэл гаргахыг хүсч байна.