-1

Г.ГАНБААТАР: “Хуулийн эзэнт гүрэн”-ий эргэцүүлэл

2016-05-24 14:42:10    |   126

\"Дэлхийн эзэнт гүрэн” байсан Чингисийн Монгол \"Хуулийн эзэнт гүрэн”

болоход бид юу хийх, хэнд, юунд итгэж найдах ёстой вэ?

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн санаачилгаар Р.Дворкиний \"Хуулийн эзэнт гүрэн” ном орчуулагдсан нь хуульч бидний хувьд иргэний ардчилсан нийгэм, улс төрийн гол идеал, хууль гэж чухам юу болох, хууль хэрэглэх, тайлбарлах онол арга зүй, жишгийн эрх зүйн тухай онолын мэдлэг, туршлагаа улам бүр нэмэгдүүлэх, ухамсар сэтгэлгээг шинэчлэх, тэлэхэд чиглэгдсэн оюун мэдлэгийн чухал хөрөнгө оруулалт болсон билээ.

 

Тус номд өгүүлсэн буюу түгээж буй шинэ мэдлэг, мэдээллийн үндсэн үзэл санаа, агуулга чухам юу болохыг өөрийн уншиж ойлгосон, танин мэдсэн, эргэцүүлсэн тэрхүү хэмжээ хязгаарын хүрээнд \"Дэлхийн эзэнт гүрэн” байсан Чингисийн Монгол \"хуулийн эзэнт гүрэн” болоход бид юу хийх, хэнд, юунд итгэж найдах ёстой” тухайд өөрт төрсөн сэтгэгдэл, үзэл бодлыгмэргэжил нэгт нөхөдтэй хуваалцаж, санал солилцохыг эрмэлзэв.

 

\"Хуулийн эзэнт гүрэн”ямагт ардчилсан нийгэм, шударга ёсны эрлийн төлөө байна.

 

”Хуулийн эзэнт гүрэн”-д : Ардчилал бол ард иргэд Үндсэн хуулиа хийх эрх гэсэн үг. Улс төр гэдэг бол хүний ба улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах, хамгаалах цэвэр бодлого, улс төрч гэдэг бол тухайн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхийн төлөө оюун мэдлэг, чадвараа дайчлан зүтгэгч, түүнээс биш \"ууж идэхдээ уургын морь шиг, иргэдээ, улсаа хөгжүүлэхэд ургаа хад шиг” улс төрийн бодлого, улс төрч байх ёсгүй аж.

 

 

Улс төр нэгэнт бодлого учраас тухайн бодлогын илрэл, хэрэгжүүлэх гол арга хэлбэр нь хууль болно.

 

 

Гэхдээ тухайн хууль нь улс төрийн бодлого хэрэгжүүлэх эрх бүхий \"улс төрийн нам гэх бүлэг, фракц”-ийн дур зорго, бохир бодлого уу эсхүл олон түмний хүсэл зоригийн илэрхийллийг дээд зэргээр хангасан цэвэр бодлого уу гэдэг нь төрийн ямар дэглэмтэй эсэхээс хамаарна.

 

 

Ардчилсан бус улс төр буюу хууль нь ноёрхогч ангийн ашиг сонирхлын илэрхийлэл ба ноёрхогч анги хуулийн үйлчлэлээс гадуур байна, харин ардчилсан улс төр буюу хууль нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл ба төрийн эрх мэдлийн хийгээд бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хуулийн үйлчлэлээс гадуур байх боломжгүй байх ёстой.

 

 

Хэдий ардчилсан Үндсэн хуультай, чөлөөт эдийн засаг, эрх чөлөөт нийгэмд шилжсэн \"зөв сонголт” хийсэн боловч олон түмний туйлаар хүсэн хүлээсэн үр дүн, хөгжил дэвшилд хүрч чадаагүй, чадахгүйгээр дороо хий эргэсэн, дорой эдийн засаг, хөгжлийн түвшинтэй, улс төрийн цэвэр биш бодлогоос үүдсэн бусад сөрөг үзэгдлүүд тархмал байгаагийн учир шалтгаан нь юу вэ ?

 

 

Ардчилсан дэглэм сонгосон л бол : - \"улс төрийн нам” гэх бүтцийг бүлэг хүмүүс амиа зогоох арга хэрэгсэл мэт ойлгохгүй байхыг,

 

 

- олон түмний ардчилсан эрх мэдлийг \"дүр эсгэн” хуурах элдэв арга замаар авах, цэвэр биш, хуучинсаг, царцанги үзэлт хэсэг бүлэгт нуун далдлагдсан буюу зүсээ хувиргасан улс төрийн буруу бодлого, технологи хэрэгжүүлэхгүй байхыг,

 

 

- улс төрийн гэх \"нам буюу намуудын олонхийн дарангуйлал” тогтоож, хуульчлагдсан тонуулыг хэрэгжүүлэх \"нүх сүв”-ийг аль болохуйц хаах, урьдчилан сэргийлэх бодлого явуулж байхыг \"Хуулийн эзэнт гүрэн” сануулж байна.

 

 

Ардчилал, хөгжил дэвшлийн зөв зам сонгосон хэрнээ хүсээгүй үр дүн, сөрөг үр дагаварт хүргэхгүй байх буюу улс төрийн эрх мэдлийг хязгаарлах, зүй ёс, шударга ёсны үндэслэлийг нь бэхжүүлэх, хүний эрхээс давсан эрх мэдлийг зөвтгөхгүй, дарангуйлалд орон зай олгохгүй байх үндсэн арга, механизм юу байх ёстой вэ ?

 

 

\"Хуулийн эзэнт гүрэн”-д :

 

 

- эрх чөлөө, шударга ёсны эрлийн төлөө тэмүүлэх, тэмцэх иргэдийн хөдөлгөөн, иргэний нийгэмлэг,

 

 

- төр гэх аппарат нь иргэд, иргэний нийгэмлэгийн хэрэгт хууль зөрчин хошуу дүрэх, тэдний хийчих, тэднээр хийлгүүлчих ажлыг өөрийн ажил, эрх, үүрэг мэт булаан авч, дураар авирлахгүй байхыг хязгаарласан зүй ёс, шударга ёс, процедурын процесс, бүхэллэг чанарын шаардлагад нийцсэн улс төрийн цэвэр бодлого, эрх зүйт, шударга, амьд хууль,

 

 

-хуулийн эзэнт гүрний нийслэл буюу хараат бус, бие даасан \"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” болохыг эрх зүй, улс төр, философи үзэл санаагаар нотлон, хүүрнэн өгүүлж байна.

 

 

Хууль гэж юу вэ, хууль ямар байх ёстой тухай асуудал бол олон нийтийн хэлэлцүүлэгийн сэдэв болон иргэдийн буюу тэдний мэргэжил, үзэл бодлоор нэгдсэн нийгэмлэгийн анхаарал, хяналтын төвд байх ёстой.


Иргэний ардчилсан нийгэмлэгт хувь, улс төрийн аль ч тохиолдолд хүмүүсийн үйл хөдлөлийг шударга, зүй ёс, журамт буюу процедурын процессын концепционы илэрхийлэл гэж үздэг, энэ утгаараа хуулиуд нь зүй ёс, шударга ёс, процедурын процессын шаардлагыг хангасан буюу нийгэмд ямар нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн байхыг шаарддаг.

 

 

Хуулийн уг бүхэллэг, легитим чанар нь иргэдийн өөрсдийн нийгэмлэгийн \"зохих стандарт, дүрэм”-ийг боловсруулан хөгжүүлэх хувь хүний үүрэг, оролцоог хүлээн зөвшөөрч, өргөтгөхөд чиглэгдэнэ.

 

 

Иргэний нийгэмлэгийн санал бодол, хуулийн тухайн бүхэллэг чанарыг улс төрийн идеал болгон хүлээн авсан төр бусдаасаа илүү эрх зүйт ёсны шаардлагад нийцдэг.

 

 

Эдгээр шаардлага нь соёл иргэншлийн урьдчилсан нөхцөл ба олон нийтийн стандарт болгон хүлээж авахгүй л бол соёл иргэншил оршин тогтнох боломжгүй байдалд хүрэх зүй тогтолтой байна.

 

 

АНУ өөрийн Үндсэн хуулийн эрхийг мажоритари институциудын ухамсарт найдан орхиогүйн буюу олонхийн шийдвэрийн эсрэг хувь хүний эрхийг баталгаажуулсны, засаг төрийн аливаа бодлого буюу шийдвэр Үндсэн хуулиар тэдэнд олгосон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан тохиолдолд хүчингүй болгох эрх мэдлийг ердийн болон Дээд шүүхэд хадгалуулсаны, шүүх эрх мэдлийг ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалагч, шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, эрх зүйт төрийн оршин хөгжих үндэс гэж үзсэнийн үндсэн учир шалтгаан, утга агуулга энд оршиж байна.

 

 

Шүүх эрх мэдэлд улс төрийн бодлого буюу хуулийн агуулгыг хянах, хуулийн тэгш, шударга үйлчлэлийг хангах, хангуулах онцгой эрх мэдэл нэгэнт хадгалагдсан тул улс төрийн бодлого нь зүсээ хувиргаагүй, ардчилсан, цэвэр, зүй ёс, шударга ёс, процедурын процессын шаардлагад нийцсэн, хууль нь эрх зүйт, шударга, амьд, хүний эрхэд үндэслэгдсэн байх нь Хуулийн эзэнт гүрний зайлшгүй шалгуур, шаардлага болно.

 

 

Хуулийн эзэнт гүрний нийслэл болох шүүх эрх мэдлийн тэрхүү онцгой эрх мэдлийг хэрэгжүүлэгч учраас шүүгч нарын хувьд тавигдах шалгуур шаардлага мөн онцгой чухал байна.

 

 

Хууль яг юу шаардаж байгааг, хуулийн цаадах хууль, хуулийн бичвэрээс бодит хуулийг хэрхэн бүтээхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй шүүгч нарын хувьд нэн тэргүүний шаардлага бол хууль хэрэглэх, тайлбарлах нийтлэг дүрэм, онол, арга зүйг дээд түвшинд эзэмшсэн байх явдал.

 

 

 

Цуврал хууль ба нийтлэг дүрэм

 

Цуврал романы нэг адил \"цуврал хууль” нь хууль хэрэглэх, тайлбарлахад нийтлэг дүрэм болно. \"Цуврал роман” бичих үйл явцын нарийн нийлмэл цогц байх шинж нь хэрэг маргаан шийдвэрлэх зорилтын загвартай адил гэж хийсвэрлэх нь цуврал хуулийн нийтлэг дүрмийн шаардлага байна.

 

 

\"Цуврал” нь мэдээж хэрэг нэг эхлэл \"төв цэг”-ээс үүссэн, залгамж холбоо бүхий гинжин цуврал байх нь зайлшгүй. Энэ утгаар \"цуврал хууль” гэдгийг нэг талаас эрэмбэ, шатлалаар цуварсан, тэдгээрийн өөр хоорондын залгамж холбоо, нийцлийн зарчмыг илэрхийлсэн хууль зүйн эх сурвалжуудын цогц гэж ойлгож, дараах цуварсан гинжин холбоот байдлаар тодорхойлж болохоор байна.

 

 

Үндсэн хууль : Үндсэн хууль бол хууль, гэхдээ дээд эрэмбийнх буюу Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцсэн байх ёстой.

 

 

Хүний эрх, үнэт зүйлсийн хил хязгаарыг давсан хамтын эрх мэдэл, үйлдэл, үйл ажиллагааг зөвтгөх ёсгүй учир Үндсэн хуулийн бүтэц, практикт хамгийн сайн интерпретаци хийх, хэлэлцэж байгаа асуудал зарчмынх уу, бодлогынх уу гэдэгт нарийн нягт, ялгавартай эргэцүүлэл хийх шаардлагатай.

 

 

Үндсэн хуулийн интерпретаци нь улс төрийн эрх мэдлийн суурь зохицуулалтад нийцэж, бас түүний үндэслэл болох буюу улс төрийн онолын хамгийн сайн философи хүрээнээс урган гарсан үндэслэл байх ёстой.

 

 

Үндсэн хуулийн практикийн интерпретацид хамаарах өрсөлдөх янз бүрийн итгэл үнэмшлийн өргөн хүрээ бүхий спектрын хувьд тэдгээрийн огтлолцол, тэнцвэрийг зөв ойлгох, мэдрэх нь чухал байна.

. . .