-1

ӨӨРТ ХУУЛИАР ОЛГООГҮЙ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАВАЛ ИЛТ ХУУЛЬ БУС ЗАХИРГААНЫ АКТАД ТООЦОГДОНО

2023-04-14 04:09:39    |   108

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.11 111/ШШ2022/0022


Тоймын дугаар, огноо: 2023.04.14, Шүүхийн шийдвэрийн тойм №4


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.


Баянхонгор аймгийн Засаг дарга нь \"Г” ХХК-ийг \"...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн, хаяг байршлаа удаа дараа өөрчилсөн зөрчлийг гаргасан” гэж үзээд, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.

\"Г” ХХК-иас аймгийн Засаг дарга хуулиар олгогдоогүй эрх эдэлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь илт хууль бус, мөн захирамждаа хүчингүй болсон хуулийн заалт баримталсан гэж маргасан.

Аймгийн Засаг дарга \"Эрүүл мэндийн тухай хуулинд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тусгай зөвшөөрлийг аймгийн засаг дарга хүчингүй болгох эрхгүй болсон боловч Эрүүл мэндийн сайдын баталсан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журмыг баталсан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 400 дугаар тушаалыг баримтлан комиссын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдгийг үгүйсгээгүй, харин эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон байсан зохицуулалтыг өөрчилж, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталсан, уг хуулийг Төрийн мэдээлэл /албан мэдээлэл/ эмхтгэлд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нийтэлсэн, улмаар энэ эрх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжсэн тул өөрт олгодоогүй эрхийг эдэлсэн гэж үзсэн.

Ингээд \"Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор уг захирамж гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэлгүй болно.

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/11610?daterange=2022-09-01%20-%202023-04-3&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан

. . .