ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО ОСОЛ ГАРГАСНЫГ ШИЙДВЭРЛЭВ
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2023.08.18, 2023/ДШМ/19
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 03, 2024.06.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 05 дугаар сард согтуурсан үедээ Hyundai Porter-2 маркийн автомашин жолоодож, хурд хэтрүүлэн Баянхонгор сумын 9 дүгээр баг Баруун бүс Худалдааны төвийн 3 замын уулзвар дээр унадаг дугуйтай явсан насанд хүрээгүй хохирогч Л.Э-г мөргөж биед нь баруун дунд чөмгөний хоёрлосон хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх Шүүгдэгч Н.Д-г согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад: Шүүгдэгч Н.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судлахад жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, олон хүний хөдөлгөөн бүхий зах худалдааны төвд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлснээс унадаг дугуйтай зорчигчийг мөргөж бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай хүндэвтэр гэмтэл, хор уршиг учруулах шалтгаан болсон байна.
Ялангуяа зун, намрын улиралд хүүхдүүд авто зам дээр унадаг дугуйтай зорчиж хөдөлгөөний эрчим нэмэгддэг тул жолооч нь замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж соёлтой, хариуцлагатай байж бусдын амь, нас эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
Анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоол
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.