ХАРИУЦАГЧ ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛСНААС ХОЙШ ХҮҮХДҮҮДЭЭ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД НЭХЭМЖЛЭГЧ ШҮҮХЭД ДАХИН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХТЭЙ
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.28, 213/МА2023/00007
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 04, 2024.06.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: нэхэмжлэгч Г.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч О.С-д холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Тус иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, 41.2.2 дахь заалтуудыг баримтлан хариуцагч О.С-д холбогдох нэхэмжлэгч Г.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 131/ШШ2021/00502 дугаар шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хариуцагчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнээс 16,420,000 төгрөгийг, өөрийн хуваарьт эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг, нэхэмжлэгч хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоолгох шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, энэ хуулийн 38.1.-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж зааснаар эцэг, эх нь насанд хүүхдийг тэжээн тэтгэх үүрэгтэйг хуульчилсан.
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.С-д холбогдуулан хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгох тухай шаардлагаас урьд татгалзсан байдал нь гуравдагч этгээд болох хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн, ахуй амьдралынхаа зайлшгүй хэрэгцээгээ хангуулах суурь эрхэд нөлөөлөхгүй, хариуцагч шүүхээр гэрлэлт цуцлуулснаас хойш хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хариуцагчаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 131/ШШ2023/00113 дугаар шийдвэр
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.