ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨВ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2024.04.30, 2024/ДШМ/030

Шүүхийн шийдвэрийн тойм № 07, 2024.08.13

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Тоймын агуулга: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нийтийн албан тушаалтан Ц.Т, Р.Б, Ц.М , М.М нарыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд өмнө нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.” гэж заасан байхад Ц.Т-д Төрийн банкаар дамжуулан 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж болох 39,297,500 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ,

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээд дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж дүгнээд дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь болоод өнгөрсөн хэргийн үйл баримтад үндэслэн нэр бүхий шүүгдэгч нарын гэмт санааг зөв тогтоож, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь хэрэгт чухал ач холбогдолтой, дээрх нийтийн албан тушаалтнууд нь бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө ямар нэгэн хууль бус хангамж эдлээгүй, өөртөө давуу байдал бий болгоогүй байгаад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүйгээс гадна Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн нийтийн албан тушаалтан нь албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсантай нийцээгүй гэж үзжээ.

- Анхан шатны шүүхийн 2024.01.08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоол

- Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 4.18-ны өдрийн 82 дугаар тогтоол

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.