Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа
Шүүхийн шийдвэр:111/ШШ2024/0041
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №01, 2025.02.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н тус аймгийн Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид холбогдуулан “Татварын газрын Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 0000 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт бичсэн.
Тус шийтгэлийн хуудсаар иргэн Г-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хяналтын прокурор Н дээрх улсын байцаагчийн зөрчлийн хэргийн материалыг хянаад иргэн Г-ын гар дээрээс, хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах заалтад заасан зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс худалдсан зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтан нь харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.” гэж үзсэн.
Хариуцагч “Аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б аймгийн нэгдсэн бүлгэм фэйс грүпт гар дээрээс татварын тэмдэгтгүй согтууруулах ундаа худалдан борлуулахаар тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, баримт бүрдүүлэн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор харьяаллын дагуу манай газарт шилжүүлж ирсэн гэж маргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг, материалыг шалгах харьяаллыг тогтоосон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Цагдаагийн байгууллага харьяалан шалгахаар, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж Татварын хяналтын улсын байцаагчийн шалгах харьяаллыг тогтоосон.
Иргэн Г нь гар дээрээс, хууль бусаар согтууруулах ундааг худалдан борлуулахаар тээвэрлэж явсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан зөрчлийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүх Прокурорын дүгнэлтийг хангаж, шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа