Хураангуй бэлтгэсэн:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа
Шүүгчийн захирамж: 111/ШЗ2025/0036
Процессын тоймын дугаар, огноо: №1, 2025.02.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Н, М, Д нар Б сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Б сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлуудын хууль зөрчсөн тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, дахин хуралдуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ “Багуудын иргэдийн Нийтийн Хурлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зарлахгүй бөгөөд сумын Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сошиалаар зарлаж, Б сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд хуралдуулсан нь хууль бус.
Энэ нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Иргэдийн Нийтийн Хурлын товыг хуралдаан болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө тухайн баг хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдааны байршил цагийг тусгасан байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн” гэж тодорхойлсон.
Шүүх Б сумын багийн иргэдийн Нийтийн Хурлууд хуралдсан нь, мөн тус хурлуудаас гарсан тогтоолууд нь нэхэмжлэгч Н, М, Д нарын хууль ёсны ямар эрх, ашгийг хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэлдээ нарийн тодорхой бичих, нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ гаргах, улсын тэмдэгтийн хураамж төлөх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой бичих зэрэг шаардлагуудыг 14 хоногийн дотор бүрдүүлбэр хангуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШЗ2025/0020 дугаар шүүгчийн захирамжаар хугацаа тогтоож буцаажээ.
Гэтэл нэхэмжлэгч Н, М, Д нар нь шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа