МОНГОЛЫН ШҮҮХИЙН ТОВЧ ТҮҮХ
2016-03-09 16:31:38 | 120Монгол Улсын шүүхийн түүхт ойн 105 жил, Улсын дээд шүүхийн 90 жилийг тохиолдуулан \"Монголын шүүхийн түүхэн замнал”-ийн талаар товч судалбар хийхээр эрмэлзэв.
Энэ нь Монголын шүүх, шүүхийн системийн хөгжлийн түүхэн замнал, өнгөрсөн үеэ эргэн харж, өнгөрсөн хугацаанд бий болсон ололт амжилт, алдаа дутагдлыг эх үндсээс нь зохих ёсоор танин мэдэж,ухаарал сургамж авч, улмаар шүүхийн уламжлал, шинэчлэлийн залгамж чанар, хөгжлийн чиг хандлагын талаар эргэцүүлэл хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүхийн түүх болон холбогдох бусад асуудлаар судалгаа хийх санаачилгыг өрнүүлэхэд оршиж байгааг тэмдэглэж байна.
Монголчуудын \"эх түүх” хэзээ ч шавхагдашгүй арвин баялаг билээ. Их түүхч, нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар асан \"Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйлс, гайхамшигт бүтээл, туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” гэж бичсэн байдаг.
Монголын шүүхийн ба Монголын төр, хууль цаазын түүх нь харилцан шууд хамааралтай, нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөх, судлан танин мэдэх бололцоогүй учраас тухайн судалбарыг тэрхүү \"хамаарал”-ынх нь хүрээнд хийхийг бага ч атугай хичээсэн болно.
Эхлэл
Шүүх, шүүгч нь төрийн хамт үүсэхдээ төрийн тусгай аппарат бүрэлдэж, төрийн механизм хөгжихийн хирээр биеэ даасан байгууллага, албан тушаалтан болсон[1]байх боловч тухайн улс оршин тогтносон түүхэн цаг үе, дотоод ба гадаад нөхцөл байдал, төрийн засаглалынх нь хэлбэр, төрийн дэглэм, мөрдөгдөж байсан хууль цаазынх нь түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжлийн амьд холбооноос ангид Монголын шүүхийн түүхэн хөгжлийг тодорхойлох, ойлгож танин мэдэх боломжгүй юм.
Монголчууд төрт ёс, хууль цаазын түүхэн хөгжлийн олон мянган жилийн арвин баялаг түүхэн уламжлалтай ард түмэн.
Монгол Улсын шүүх эрх мэдлийн түүхэн хөгжлийг үечлэн ойлгож, танин мэдэхэд Монголын төрийн ба эрх зүйн түүхэн хөгжлийг харьцуулан судалж мэдэх зайлшгүй шаардлагатай.
Доктор Н.Лүндэндорж[2]...Засаглалын ямар хэлбэртэй төр улс байхыг төрийн дээд эрх мэдлийг ямар субъект хэрэгжүүлж байна гэдгийг шалгуур болговол нэг бол хаан, эсхүл ард түмнээс сонгогдсон хэсэг бүлэг хүмүүс хэрэгжүүлж байдаг. Энэ үүднээс хандвал Монголын төрийн түүхэн хөгжлийн үеийг Хабул хаантай Хамаг Монгол Улсаас эхлүүлэн :
-Хаант болон
- Бүгд найрамдах гэсэн 2 түүхэн үед хувааж, хаант төрийг дотор нь :
- Язгуурын монголчуудын хаант төр бүрэлдсэн үе буюу Хамаг Монгол /барагцаалбал ХII зуун/
- Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу эзэнт гүрний үе /1206-1368/,
- Умард Юань улсын болон
- Бага хаадын үеийн хаант төр /1368-1775/,
- Богд хаант монгол улсын хаант төр /1911-1919/,
- Хэмжээт цаазат хаант төр /1921-1924/ гэж, харин
Монголын эрх зүйн түүхэн хөгжлийн үеийг :
- заншлын эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе,
- зүй ёсны эрх зүйн үзэл, сэтгэлгээний үе,
- манж чин улсын эрх зүйн нөлөөнд байсан үе,
- Өрнийн соёл сэтгэлгээ нэвтэрсэн үе,
- социалист эрх зүйн сэтгэлгээний үе,
- орчин үеийн эрх зүйн сэтгэлгээний төлөвшил гэж, харин эрдэмтэн Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар[3]нар Монголын төр, эрх зүйн түүхийг :
- Монголын эртний улсуудын төр, эрх зүй /МЭӨ III –МЭ XIII зуун/,
- Монголын дундад үеийн төр, эрх зүй /XIII-XX зуун/,
- Шинэ үеийн төр, эрх зүй /XX зууны 20-иод оноос 90 он хүртэл/,
- Монголын нэн шинэ үеийн төр, эрх зүй /1990-ээд он/ гэж тус тус ангилсан байх ба дээрх ангилалуудыг харгалзан \"шүүх, шүүгчгүйгээр аливаа төрт улсууд оршин байгаагүй” гэх үзлийг шалгуур болгон Монголын шүүхийн түүхэн хөгжлийг дараах байдлаар үечлэн авч үзэв.
Хамаг Монголын хаант төрийн үеийн шүүх
Гурван голын сав нутгаар савласан нэгэн төв улс XII зууны эхэн үеэс байгуулагдсан нь Хамаг Монгол улс байв.
Хамаг Монголын хаант улс нь хагацаж салсан язгуурын монголчуудын үндсийг бүрдүүлсэн, эртний улсуудын төр ёсны үзэл, зохион байгуулалтыг уламжилсан, Монгол туургатны хүчирхэг улс байгуулахыг эрмэлзсэн хаант төр байв.[4]
Хамаг Монгол улсын үед хаан сонгох, дайн зарлах зэрэг асуудал хэлэлцэх \"Ноёдын хуралдай\" байснаас гадна түмт, мянгат, аравтын журам бий болсон, \"Турхаг” гэж нэрлэх дотроо төв, баруун, зүүн гэсэн хэсэг бүхий цэргийн ангитай, \"Хамгийн хаан, Улсын хаан” гэх зэргээр дээдэс, ноёдын зэрэг цолыг бий болгожээ.
Хамаг Монголыг Хабул хаан, Хабул хааны хойно Амбагай хаан, Амбагай хааны хойно Хутула мэдэн байв.
Алтан, Хучар, Сача бэхи бүгдээр зөвлөлдөн Тэмүжинг Чингис хаан гэж нэрийдэн, хаан болгов.
Тоорил хаан : Тэмүжин хөвүүнийг хан болгосон нь маш зөв. Монголчууд, хангүй байж яаж болно.
Энэ шийдвэрээ эвдэхгүй,
Эв зангиагаа таслахгүй,
Эх захаа алдахгүй,
Эгнэгт журамтай бай [5]хэмээн өгүүлрүүн.
Хамаг Монгол Улс нь хэрэг зөрчил гаргаж, гэм хийсэн хүнийг шийтгэдэг тогтсон журам, гүйцэтгэх арга хэрэгсэл байсныг Нууц товчоо, түүх бичлэгийн бусадсурвалжаас судлан мэдэж болно. Тухайлбал, Нууц товчооны : Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж, Халдун ууланд явуулав гэх болон бусад хэрэг зөрчил, шийтгэлд холбогдох заалтууд цөөнгүй бий.
Хамаг Монгол улс нь Монголын эртний улсуудын залгамж буюу хүйн холбоотой учраас тэдгээр эртний улсуудын төр ёсны үзэл, уламжлалын дагуу Заргач буюу шүүгчтэй байжээ.
Монголын түүхэнд Хүннү нарын байгуулсан төрийн хууль цаазын үзэл, уламжлал хожмын нүүдэлчдийн төрийн үлгэр дууриал болжээ. Монголын төр ч тэрхүү уламжлалын нэг байлаа...Эртний улсууд төрийн хүчирхийлэх аппарат, хууль цаазыг тогтоож байв...Жужааны хаант улс цэрэг, захиргааны шинжтэй хууль гаргаснаас үндэслэн зарга, залхайг таслан шийдвэрлэх \"төрийн заргач”-ийн тушаалыг бий болгожээ.[6]
Сэлэнгэ аймгийн Сүүжийн бичээсэнд \"Би дээд заргач байв” гэж тэмдэглэснээс үзэхэд Уйгур Улс дээд шүүгч, заргачтай байжээ...Эртний улсуудын шүүгч /заргач/ нар гол төлөв заншлын эрх зүйн хэм хэмжээ баримтлан, хэрэг зарга шийтгэх боловч, бас хааны зарлигаар тогтоосон хуулийг хатуу мөрдөж байж. Хааны зүгээс гол хууль батлан гаргагч эрх бүхий субъект байв.[7]
Хамаг Монголын төрийн үед тийнхүү төрт ёсны уламжлалаар Хаан өөрөө Улсын дээд шүүгч, харин доод заргач /шүүгч/ гэх тусгай албан тушаалтан бий болгон, томилж байжээ.
Чингис хаан зарлиг болруун : Татаарыг сөнөөсний дараа алтан ургийн \"их эе зөвлөлдөөн”-өөр хэлэлцсэн асуудлаар Бэлгүтэй ам алдсаны учир \"их эе зөвлөлдөөн”-д бүү оруул...Харин Бэлгүтэй, гаднах үйлийг захирч, хэрүүл ба хулгай, худлын заргыг шүүж байтугай.[8]
Их Монгол Улсын хаант төрийн үеийн шүүх
Их засаг хуульд [9] : Их Монгол Улс бол ертөнцийн аль нэг улсын адил зөвхөн хаант улс биш бөгөөд харин цогцлон байгуулж бүхий дэлхийн эзэнт улс мөн. Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далай хааны зарлиг бүр иргэнд хүрвээс бишрэх болтугай хэмээн тунхаглажээ.
Мөн Чингис хаан : \"Миний буулгасан зарлигийг аман дээрээ дагаж, ажил дээрээ ил далд зөрчвөл усанд хаясан чулуу, өвсөнд харвасан зэв адил болгож хөсөрдүүлэгсэд бол хүн ардыг захирч үл чадна хэмээн үзэх ёстой” гэжээ.
Их Монгол улсын үед Чингис хаан хэмжээгүй эрхт хааны хувьд гүйцэтгэх ба шүүн таслах дээд эрхийг эдлэхийн сацуу улсын дээд заргач буюу шүүгчийг томилж байв.
Чингис хаан хөвгүүд бүртээ онцгой албан тушаал оногдуулсан...Цагаадайд Их засгийн биелэлтэд хяналт тавих, шийтгэл гэсгээл оногдуулж байх ажлыг даалгав...Чингис хаан үйл хэрэг болгонд тохирсон дүрэм, тухайн нөхцөл байдал болгонд тохирсон хууль, гэм буруу болгонд оногдуулбал зохих ял шийтгэл боловсруулан мөрдүүлж эхлэв.[10]
Чингис хаан Шихихутугт өгүүлрүүн [11]: Чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё…Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв...Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд заргач /шүүгч/ болгов. Мөн нийт улсын өмчийг хувааж, заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн. Надтай зөвлөж, Шихихутугийн шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй гэж зарлиг болгожээ.
Их Монгол улсын үед [12] :
Засаг захиргааны зуутын нэгжийн ноён нь бага заргач буюу арван арваны доторхи хэрэг заргыг шийдвэрлэдэг анхан шатны шүүгч,
Мянгатын ноён нь арван зуутын доторхи хэрэг заргыг шийдвэрлэдэг заргач,
Түмтийн ноён нь арван мянгатын доторх мянгатаас давсан хэргийг шийдвэрлэж, Дээд заргачийн өмнө хариуцлага хүлээдэг шүүгч тус тус байжээ.
Чингис хаан Чингайг их заргач Шихихутугийн удирдлагад ажиллуулахаар томилж, хишигтний асуудлыг голлон хариуцуулж байв.
Түүнчлэн Чингис хаан заргач (шүүгч)-ийн зан үйлд, одоогийнхоор ёс зүйд хамаарах асуудлаар[13] :
Хан хүний төр
Харанхуйд үл төөрөлдьюү
Ханьд үл эндэгдьюү
Ганц сэтгэлээр яв
Хэний зүг хэлбэрэхүйгээ хатуужигтун
Үгийг бүү сонжуул, бүү хатга
Туйг бүү гаталга
(Өтлийг бүү хилэгнүүл)
Дуут хүнийг бүү дарвисга (дарвиул)
Үгийг бүү үрбисгэ (өрвөлзүүл)
Хормойдоо хонх бүү уя...хэмээн \"ёс барих ухаан”-ыг заажээ.
Заргач нар \"Их засаг” хууль, Чингис хааны зарлигийг хатуу мөрддөг байв.
Чингис хааны үеийн хууль, зарлиг, билэг сургаалийг \"Монголын нууц товчоо”, \"Алтан товч” шастируудаас гадна \"Их засаг” хууль, \"Зарлиг”-т холбогдох түүхэн судалгааны бүтээлүүдээс танин мэдэх бололцоотой юм.
Мөн \"Судрын чуулган”[14]түүхэн бүтээлд Их Монгол Улсын үеийн шүүгч буюу заргачид тавих шаардлагаас эхлэн хэрэг маргаан хянан шийдвэрлэх процесс ажиллагааны зарчим, үндэслэл, журам, нотлох баримт цуглуулах, шалгах зэрэгт хамаарах олон цогц асуудлыг бичиж, тэмдэглэжээ.
Дээрх түүхэн эх сурвалжуудад бичигдсэнээс дүгнэхэд Чингис хааны \"Их Засаг” хууль, зарлигийн зарим зохицуулалт, утга агуулга нь одоо ч ач холбогдол, залгамж чанараа алдаагүй, уламжлан баяжуулснаар дагаж мөрдөгдөх үнэ цэнэтэй хэвээр байгаа нь бидний бахархах түүхэд хамаарна.
Юань улсын хаант төрийн үеийн шүүх
Мөнх хааныг тэнгэрт хальсаны дараа Аригбөх Их хааны ширээнд суух болмогц Хубилай мөн өөрийгөө Их хаан хэмээн өргөмжлүүлснээс тэр хоёрын хоорондын тэмцэл 4 жил орчим өрнөж, эцэст нь Хубилайн ялалтаар төгсчээ.
Хубилай хаан болмогцоо Их Монгол улсын нэрийг Их Юань улс гэж өөрчилж, улсын нийслэлээ Хятадад шилжүүлсэн боловч Юань улс нь умард, өмнөд Хятадын бүх нутгийг цэргийн хүчээр эрхэндээ оруулсан Монголын эзэнт гүрэн байв.
Юан гүрний шүүхийн тогтолцоо нь \"монгол хүн монгол уламжлалаа, хятад хүн хятад хуулиа журамлах” бодлогын хүрээнд Монголын уугуул нутагт \"Их засаг”хууль, Их Монгол Улсын шүүхийн тогтолцоо үйлчилж байв. Хубилай хааны шүүн таслах болон эрүүгийн бодлого нь монголчуудын эрх дархыг бэхжүүлэх, бусад ард түмнийг эзлэн түрэмгийлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн дарлахад чиглэж байжээ.[15]
1265 онд дээд шүүхийн үүрэг гүйцэтгэгч заргач нарын дүрэм, заргачийн албан тушаалд монгол угсаатан байх журам тогтоосон нь Чингис хааны үеийн дүрмийн үргэлжлэл байжээ.[16]
Хаанаас шүүх дээд эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тэрбээр улсын заргач нарыг томилно. Улсын их заргач нь төрийн 3 том сайдын нэгэнд багтаж, хаанд итгэмжлэгдэн нийт улс орны шүүн таслах ажиллагааг ерөнхийлөн удирдана. Шүүх яам ажиллаж, шүүхийн хэргийг эрхэлж байв.[17]
Юань Улсын Засгийн ордонд шууд харъяалагдаж байсан Дээд нийслэл Шандугийн албан яамдын дотор Зарга шийтгэх яам, Шандугийн их Заргын яам тус тус ажиллаж байв.[18]
Юан улсын үед төрийн дэд түшмэл нь тайж, ноён байх ба эдгээр түшмэдийн тоонд \"улсыг засах засаг зарлигийг сайтар явуулж, хэрэг заргыг зөв шийтгэж, ард иргэнийг ав/р/ахын дээд эрхлэгч тайж”-ыг хамааруулж байснаас үзэхэд шүүн таслах ажиллагаа эрхэлдэг тайж нар байжээ.
Засаг захиргааны нэгж буюу тойрог, хошуу, мужийн ноёд нь шүүн таслах ажлыг давхар эрхэлж байж. Заргач ноёд нь ганцаараа бус дор нь хэрэг бүртгэгч, бичээч зэрэг аппарат ажиллаж байв.
Юан гүрний үед Их засаг хуулиас гадна Юан гүрний нэвтэрхий хууль, Арван буянт номын цагаан түүх зэрэг хууль цааз мөрдөгдөж байжээ.[19]
Юан гүрний нэвтэрхий хууль нь Чингис хааныг залгамжлагч хаадуудаас гаргасан хуулиудаас бүрдсэн, өөрсдийн захиргааг хэрэгжүүлэх, Монголын ноёрхлыг бататгах, монгол угсаатны эрхийг хамгаалах, захирагдагч хүмүүсийг онцгой хянах, хатуу дэг журам тогтооход чиглэсэн, харин Арван буянт номын цагаан түүх нь Хубилай хааны төрийн тогтоон шийтгэсэн хууль тогтоол, зарлигийн эмхэтгэл, төр ба шашин хоёр ёсыг тэгш хослон явуулах тухай хууль цаазын бичиг байжээ.
\"Юан гүрний нэвтэрхий хууль”-ийн оршилд \"Эртнээс дэлхий дахин бүхий нь хэдий богд гэгээн, эзэн хэмээн, эрүү цаазыг байлгаж засаг болгон явуулж чадахгүй. Тиймийн тулд эрдэм эрдмээр удирдмой. Иргэн дагахгүй болвоос эрхгүй цаазаар ялламуй, цаазыг басхүү зөрчих болвоос эрүүдлэх, алахыг хүртээмой. Ийм тул урд хаад эрүүг тогтоосон нь сүрийг бадруулах нь бус засагт туслуулах, туслах нь болой” гэж, харин
\"Арван буянт номын цагаан түүх”-д \"Номын засаг үгүй бөгөөс амьтнууд тамд унаж, хааны засаг үгүй бөгөөс улс аймаг эвдрэх болюу”...Хүнд /хүмүүст/ хааны засаг \"алтан буулга” мэт эвдэршгүй, хоёр ёсыг холилгүйеэ тус бүр сайтар хичээтүгэй гэж заахаас гадна Хаан хүний 3 их үйл, 4 их төр, 6 их үлгэр, 7 их бин, 9 их бэлгэ хэмээх төрийн түшмэдийн чиг үүрэг, сахилгад холбогдох, мөн заргач сонгон томилох журам буюу \"Хольцолгүй шүүвээс заргачийн зэрэгт оруул” гэх мэт олон асуудлыг журамлажээ.
\"Бага хаадын” буюу улс төрийн бутралын үе дэх хаант төрийн үеийн шүүх
1368 онд Юань улсын сүүлчийн хаан Тогтоотөмөр босогчдын хүчинд автан Бээжинг орхисноос хойш нэгдмэл төр улсын сүр хүч бууран доройтох замд шилжсэн байна. Ийнхүү Монгол улс төрийн бутрал үүссэн гол шалтгаан нь их гүрний үеийнзонхилох ноёд, сурвалжит язгууртан нар түмэт, мянгатын газар нутгийг хувь эзэмшилдээ оруулж, захирч байсан цэрэг, ардуудаа өөрсдийн харъяат хамжлага болгож, тус тусын аж ахуй, эдийн засгийн хүчийг бэхжүүлэх замаар хамжлагат нийгмийн харилцаа тогтсонтой холбоотой аж.
Улс төрийн бутралын үед Зүүн, баруун Монгол, дараа нь Зүүн, Баруун түмэн ба Ойрад, сүүлдээ Ар, Өвөр Монгол, Баруун Монгол гэх зэрэг хэд хэдэн улс ханлиг болон хуваагдаж, өөр хоорондоо салж, нийлэх замаар нийгэм ямагт зөрчил, тэмцэлд автагдах болов.
Энэ үеийн Монголын төрийн хэлбэр хаант засаг боловч тэр үед ихэнхи ноёд хааны мэдлээс гарч бие даан оршихыг санаархаж байв.
Тийм ч учраас 1370-1634 он хүртэл эзэн богд Чингисийн хасбуу тамгыг 22 хаан атгасныг Бага хаадын үе хэмээн түүхэнд тэмдэглэжээ.
Эзэмшил нутаг дэвсгэртээ Бага хаад ч бас Ерөнхий шүүгч байжээ. Энэ үеийн Засаг захиргааны нэгж нь хэд хэдэн ханлигууд буюу өөр хоорондын хуваагдмал байдлаас болж өвөрмөц шинжтэй байх ба шүүн таслах дээд эрхийг Хаан хэрэгжүүлэхээс гадна хааны томилсон Зүүн баруун гарын 6 түмэн, 4 ойрад түмэн, аймаг, хошуу, отог зэрэг засаг захиргааны нэгжийн захирагч /хаан, ноёд, жинон, тайш, зайсан, түшмэл, отгийн зайсан түшмэл, хорины шүүлэнг, аравтын ахлагч зэрэг/ бүр шат шатандаа дороос дээш шаталсан байдлаар шүүн таслах эрхийг эрхэлж байсан гэж үзэх үндэстэй аж.
Мөн энэ үе[20] нь эрх зүйн хувьд баялаг уламжлалтай байх ба зарим түмний хан, ноёд тус тусын нутагт дагаж мөрдөх цааз зохиож гаргаж байж. Тухайлбал, Алтан хааны цаазын бичиг, Хутугтай Сэцэн хун тайжийн шашны цааз, Халхын цааз эрхэмжийн бичиг, Монгол-Ойрадын хууль, Халх журам зэргээс мэдэж болно.
Монголчууд Манжид эзлэгдсэн үеийн шүүх
Лигдэн хаан Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн хэдий ч арга буюу хүчинд автаж, 1755 он гэхэд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн гал голомт манжийн эрхшээлд бүрэн орж, нийт Монгол Манжид эзлэгдэж, тэдний ноёрхолд 220 гаруй жил дарлагдсан хугацаанд Манжийн төр, хууль цааз, шүүхийн тогтолцоо үйлчилж байжээ.
Гэхдээ 1709-1796 оны хооронд Халхын хаад, ноёд өөр өөр газар 14 удаа хуралдаж, хэлэлцэж тогтоосон \"Халх журам\" [21] хэмээх хууль энэ үед бүр 1789 онд Манж нар Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичгийг зохион дагаж шийтгүүлэх болсноос хойш ч үйлчилж байсан байх ба Монголчууд өөрийн тухайн хуулийг 100 орчим жил дагаж мөрдсөн байна. Үүнийг Манжийн хаанаас буулгасан \"Шинэ дагасан Халх нарыг тэдний хууль ёсоор болтугай” гэх зарлиг болон Шавь явдлын яамны дүрмийн зүйлд бичсэн \"Аймаг, хошуу холилдсон хэргийг цөм монгол цаазын бичгийн ёсоор шийтгэсүгэй\" гэх заалт, \"Улаан хацарт” буюу Их шавийн яамны таслан шийтгэсэн хэргийн дансны хураангуй зэргээс мэдэж болох ажээ.
Мөн 1643 онд Өвөрмонголыг Манжийн эрхшээлд орсны дараа баталсан, 1667 онд 150 гаруй зүйлтэй, 1764-1794 онуудын хооронд 12 дэвтэр, 205 зүйлтэйгээр сайжруулан 1795 онд хэвлэсэн \"Монгол цаазын бичиг” мөрдөгдөж байсан, уг хууль нь Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйн бичиг бүрэлдэхэд суурь болжээ.[22]
Монгол хууль үйлчилж байсныг Манж нар Монголчуудад шууд өөрийн хууль цаазыг тогтоон явуулбал эрс эсэргүүцэх, тэмцэх явдал хүчтэй гарч болох явдлаас сэрэмжлэх, нөгөө талаас Монголын хууль цаазын уламжлалыг харгалзсантай холбон үздэг аж. .
Энэ үед шүүн таслах эрхийг буюу аливаа заргыг харъяалсан засаг ноён мөрдөж, шүүн хэлэлцдэг. Сумын занги, өртөөний харуулын захирал зэрэг нь тодорхой хэмжээнд шүүн таслах эрхтэй байв. Тэдний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрснийг Аймгийн чуулган даргын газар шийдвэрлэдэг байж. Харин цаазаар авах ял оногдуулсан хэргийг чуулган даргын газраар уламжлан чуулган даргын Улиастайн жанжин, Хүрээ, Ховдын амбаны сонорт хүргэх ба тэд Гадаад Монголын төрийг засах явдлын яам буюу монгол жургаанд хянуулж, улмаар Манжийн хаанд мэдүүлж, энд эцсийн шийдвэр гаргадаг байв.
Богд хаант төрийн үеийн шүүх
Монголын эрэлхэг, эх оронч хөвгүүд \"Улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар оршихуй”-н төлөө халуун цус, бүлээн амиа үл хайрлан тэмцсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсын 220 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагааж, Чингисийн Монголчууд өөрийн төрт улсаа дахин сэргээснийг дэлхийн улсуудад сонордуулан, үүрд мөнх орших нөхцлийг бүрдүүлэв. Энэ бүх үйл явдал нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид түүхэн нөхцөл байдал, ховорхон боломжийг зөв мэдэрч, гэгээн оюуныг дайчлан, тунгааж, олон талт оновчтой бодлого явуулсны үр дүн байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Тийнхүү 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтын VIII дүр Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбууг \"шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн \"ХААН”-д албан ёсоор өргөмжлөн, \"Монгол Улс” байгуулсныг албан ёсоор зарлан тунхаглав.
Богд хаант төр ингэж тогтов, миний төр бусдын төр биш, бусдын төр миний төр биш болов.
Богд хаан шинээр өөрийн тусгаар тогтнолоо зарласан бичигтээ[23]: Франц, Их Британи, Герман, АНУ, Япон, Дани, Холланд, Австри-Унгар улсын Гадаад хэргийн яамнаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир :
Эдүгээ манай улсын засгийн хэрэг шийтгэх хүргэх газраас хүргэн ирсэн бичигт, эдүгээ манай Монгол улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдахгүйгээр сахих учир нэгэнт Чин улсаас салаад өөртөө тогтнож, өөртөө эзэрхэх улс төр байгуулаад Халх Монголын шарын шашны эзэн Жавзандамба лам юугаа Монгол улсын хаанд өргөмжлөн шашин, төрийг хослон бариулаад...зэрэг явдлыг эрхэм яамнаас олон улсад зарламуй хэмээн бичиг хүргэн ирвээс...мэдтүгэй хэмээн явуулан уламжлан Эрхэм засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн байцаан үзэж хүлээлгээд гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгана уу...гэжээ.
Мөн бүх Монгол овогтон харилцан салалцаж, сарнихад хүрэх болуузай хэмээх учир Богд хаанаас буулгасан зарлигт \"… дөрвөн цаглашгүй /асралт, нинжин, баясгалант, тэгш/-г чадахын чанараар бясалган ахуй дор Тэнгэрийн цаг тохиолдож цагаагчин гахай жилд их улсын дотор олон муж бүр гагцаар тогтносон завшаанд халхын ихээхэн ноёд, балам нар байдал дүрсийг төлөвлөн ухаж олон Монгол овогтон чухам хэрхэн хүмүүжвээс сайн болохыг эрс тодорхойгоор сурган заахыг гуйн өргөсөн тухай дор миний бие олон монгол овогтон бусдын эрх мэдэлд харгислан дарлагдаж, гашуун зовлонгоос ангижран бүгдээр нийлэлдэж Улс болон шарын шашнаа бататган дэлгэрүүлэх цаг болсон…Энэхэн сайн чөлөөг алдваас гэмшивч бээр тус үл болох явдлыг…” айлджээ.
Богд хаант төр нь монголын төр ёсны уламжлалт 2 ёсны сургаалийг төрийн тогтолцоонд бодитой бий болгож, шашин төрийг хослон барих хаант засгийг тогтоох замаар монгол төрийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг зорьж байв.
1911 онд Богд хаан өргөмжлөгдмөгц буулгасан зарлигаар 5 яам байгуулсаны нэг нь жүн Ван Намсрайн тэргүүлсэн Шүүхийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, тус яам нь цааз хуулийг барьж, шүүн таслах эрх эдэлж, захирч шийтгэнэ. Тус яам нь дотроо хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж шүүх, ял оноож шүүн таслах, ариутгах хэлтсүүдтэй байв.
Гадаад Монголын хууль зүйлийн бичгийн \"ял шүүх нь доод” хэмээх 47 дугаар дэвтэрт зааснаар : Түшээт хан, Сэцэн хан, Их шавь гурван монгол болон гадаадын иргэдтэй харилцан холбогдсон хүний амь, хулгай худлын зэрэг аливаа хэргийг Гадаад яаманд өргөн мэдүүлж, Шүүх яамтай хамт нийлж шийтгэх, бусад хулгайн хэргийг харъяат засаг өөрөө эрхлэн шүүж, дөнгө дөнгөлөхөөс доош ялаар шийтгэх болов. Цөлөхөөс дээш ялтай хэргийг харъяат засаг, чуулганы дарга Эрдэнэшанзудбын яаманд тодорхойлон ял оноож, Шүүх яамаар хянуулж дуусгах, хэрэв хүнд ноцтой хүний амины зэрэг хэргийг чуулган дарга, Эрдэнэшанзудба шүүн шийтгэж чадахгүй бол ялт ардыг Шүүх яаманд зарлан аваачиж, биеэр шүүж ял оноох журам тогтоожээ. Засагт хан, Сайн ноён хан 2 аймгийн хэргийг ойрыг үзэж Улиастайд суух хэрэг шийтгэх сайдад мэдүүлж, мөн сайдын газраас ялган салгаж шийдвэрлэх, дөрвөдийн Батерөөлт далай хан, Үнэнзоригт хан энэ 2 аймгийн хэргийг Ховдод сууж хэрэг шийтгэх сайдын газраас Улиастайн сайд лугаа шийдвэрлэж байхаар болжээ. Алах ялыг Богд хааны зарлигаар гүйцэтгэх болов. Энэ тухай Хууль зүйлийн бичигт : Аливаа алах ял оноовоос зохих ялт хүнийг олон засгуудын газраас шүүж, ялын учрыг гарган бичиж, чуулганы даргад мэдүүлж, чуулганы даргын газраас хянаж уламжлан Шүүх яаманд мэдүүлж, Шүүх яамнаас тогтоон шийтгээд зарлигийг гуйж айлтгагтун гэжээ.
Ийнхүү Богд хаант төрийн үед шүүн таслах эрхийг хошуу засаг, хэргийн шинж байдлаас шалтгаалан чуулган дарга, Ховд, Улиастай, Хиагтын хэрэг шийтгэх сайд, төрийн зарим холбогдох яам гэсэн шаталсан байдлаар шүүн таслах эрхийг эрхэлж байсан байх ба дээд шат нь Шүүх таслах Хэргийг бүгд захиран шийтгэх яам байжээ.
Богд хаант төрөөс Монголчууд тусгаар тогтнон төр улсаа байгуулснаар бие даан хууль цаазыг боловсруулан гаргаж, өөрсдөө дангаараа шүүх цааз, заргыг эрхлэхийг зорилт болгожээ.
Судлаач, эрдэмтдийн бичсэнээр энэ үед Манжийн хуучин хуулийн заалтыг Монголын төрийн уламжлалын дагуу өөрчлөн найруулсан[24], Манжийн хууль хэрэглэхээс татгалзаж, түүнийг халах зорилт тавьж, практикт хэрэгжүүлсэн [25]буюу Монгол хууль цаазын уламжлалыг сэргээх болон шинэ хууль цааз тогтоох ажиллагааг эрхлэн эхлүүлжээ.
Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам нь хэрэг зөрчил үйлдэгч нарт ял оноон шийтгэх, мөн орон нутагт ажиллах заргач нарыг томилох, тэдний ажлыг удирдахаас гадна хууль санаачлах, боловсруулах, батлуулах чиг үүрэг хэрэгжүүлж байжээ.
Тухайн үед Монголын нутаг дээр эртний эрх /Халх журам/, Манжийн эрх/ Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг/, Богд хаант улсын засгийн газраас гарсан актууд зэрэгцэн үйлчилж байж. [26]
Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны \"Олноо өргөгдсөний тэргүүн оноос нааш олон яамнаас айлтгаад тогтоосон ба тусгайлан зарлиг буулгаж, нийтээр дагаж буй хэргийн товчоо дэвтэр\" хэмээх данс бүртгэлд 1911 оноос 1917 оны 4 сар хүртэлх хугацаанд хааны зарлигаар тогтоосон хууль цаазын шинжтэй 63 бичиг бүртгэгджээ.[27]
Тэдгээрийн нэг нь 1913-1919 оны хооронд \" Таван яам хамт нийлж, хувьсган тогтоож айлтгаад, одоогийн дагаж шийтгүүлэн буй хууль дүрмийн дэвтэр бичиг” буюу Жинхэнэ дагаж явах хууль дүрэм хэмээх эрх зүйн акт байв.[28]
Богд хаант төрийн гол хууль цаазын гол эх суралжийн нэг нь \"Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг” билээ.
Уг хууль зүйн бичгийг 65 /зарим судлаач 64 гэх/ дэвтэрт эмхтгэсэн, уг хууль цаазыг зохиолгохоор 1915 онд Богд хааны зарлигаар комисс байгуулсан байх ба Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг болон бусад хуулиудыг нягтлан Монгол хэлээр орчуулж, 5 дэвтэрт нэгтгэсэн, уг хуулийг Монгол төрийн уламжлалын дагуу зохиож, улмаар Улсын Дээд, Доод хурлаар хэлэлцэн, батлах үе шат 1918 онд дуусчээ.[29]
Уг Монгол хууль цаазад анх удаа төрийн байгууллагууд, бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.
Ардын хувьсгалын ба хэмжээт цаазат хаант төрийн үеийн шүүх
Орос оронд ялсан 1917 оны социалист хувьсгалын нөлөөгөөр Монголд хувьсгалт хөдөлгөөн өрнөж, хөрш зэргэлдээ Монгол оронд янз бүрийн арга замаар нөлөөлж эхэлжээ.
Энэ үед мөн Хятад улс Монголд хуучин нөлөөгөө тогтоохыг санаархах болов. Монголын эх оронч, сэхээтнүүд тусгаар тогтнолоо авч үлдэхийг эрмэлзэж, олон арга зам хайж, бодлого ухаанаа уралдуулж байв.
Гэвч 1919 оны сүүлчээр Монгол орон Хятадын түрэмгийлэлд автаж, тусгаар тогтнолоо алдаж болох цөвүүн нөхцөл байдал үүсэв.
Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэрэгт хүчин зүтгэсэн олон хүнийг учир битүүлгээр амь насыг нь хохироов...Хятад Чэнь-И-ний 64 зүйлт \"Хойчийг засан сайжруулах гэрээ” тулгалт, шахалтыг зөвшөөрөн Монголын автономитийг устгахад чиглэсэн хэлцлийг Ерөнхий сайд Бадамдорж, сайд Цэрэндорж нар анх Чэнь-И-тэй хийжээ...Хэлцлийн 60 дугаарт \"...одоо Гадаад Монгол гуйн өргөж автономитоо устгасан учир өөрөө сөнөж хүчин үгүй болбоос зохимой...”гэжээ. Улмаар Сю Шүжан 1919 оны 11 сарын эхээр дивиз толгойлон хүрээнд нэвтрэн...Богд гэгээнтэй уулзан, Гадаад Монголын автономитийг сайн дураар устгасан Засгийн газрын тогтоол даруй гаргаж өгөхийг шаардав...эцэст нь Монголчууд хүчинд автагдан...5 яамны сайд нь өнөөх 64 зүйлт гэрээнд гарын үсэг зурахаар болов...Гуйх манжилсан өргөдөлд :
...ван, гүн, лам нарыг удаа дараа хуралдуулж...хэлэлцэн таслахад...Дундад Монголын сэжиг таавар бүрнээ устаж, санаа сэтгэл найрамдах болсон тул үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодвол, басхүү гуйн өргөж өөрөө засах Засгийн газрыг устган, урьдах Чин улсын хуулийг дахин олж, алив засгийн эрхийг хэвээр Дундад Засгийн газраа нийлүүлэн нэгтгэн захиргаж...хэмээх бөгөөд бас ч Богд Жавзандамба хутагт хаанд тодорхойлон айлтгасанд чухам зохистой хэмээн зөвшөөрчээ...гэжээ.
Энэ дагуу 1919.11.22-нд Хиагтын гурван этгээдийн гэрээг хүчингүй болгосон Хятадын Ерөнхийлөгчийн Зарлиг гарч, үүнд \"Монгол Улс” гэх мэт хэллэгийг албан бичигт хэрэглэж болохгүй заалт тусгажээ. [30]
Ийм нөхцөлд тусгаар тогтнолоо дахин сэргээхийн төлөө Монголын эх оронч, нөлөө бүхий хар, шар ноёд оролцсон дугуйлан /бүлгэм/-үүд үүсч, улмаар бүлгэмүүд 1920.06.25-нд \"Монгол ардын нам” хэмээх хувьсгалт байгууллагад нэгдэж, үндэсний ардчилсан хувьсгалын бэлтгэл ажлыг хийж, Коминтерн, Зөвлөлт Орос улстай холбоо тогтоон, улмаар тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэл өрнүүлэв.
Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичигт[31]: Гадаад Монголын ардын намын зорилт нь шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлж аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндсэн язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно...гэж зорилгоо тодорхойлжээ.
Мөн ЗОУ-аас тусламж гуйсан Ардын намынхны 1920 оны бичигт [32]:
Гагцхүү хүсэх нь, Дайчин улсын цагийн Улиастай, Хүрээ, Ховдын жанжин сайдуудын харъяанд захирагдаж байсан Халх, Дөрвөд аймгийн бүх монголчуудыг дахин өөртөө эзэрхэх улс болгож....Хятадын нэгэн хэсэг газар хэмээх нэгэн үсгийг устган байлгаж Дундад Иргэн Улсад огт хамаарагдахгүй болгох явдлыг гол болгон гуйна гэжээ.
Энэ явцад Богд гэгээн улс төрийн чадварлаг бодлого баримталж, 1920 оны 10 сард Монгол нутгийн зүүн хязгаараар цөмрөн орж ирсэн Барон Унгернтэй найрсаг байдлаар харилцаж, 2 талын хүсэл зоригийг зохицолдуулжээ.
Барон Унгерн Богдод илгээсэн бичигт[33]: Оросын хааны удам угсааны барон Унгерн миний бие Орос-Монголын нөхөрсөг уламжлалыг дагаж, Хятадын дарлалаас Монголыг чөлөөлөх, хуучин засаг төрийг босгон байгуулахад нь Богд хаан танд туслах зорилготой билээ. Ийм учраас Хүрээнд минийг цэргийг оруулах зөвшөөрөл гуйя гэжээ.
Ингээд Монголын ба Барон Унгерний цэрэг хүч хавсран 1920 оны 10 сарын 26-нд Хятадын гамин цэрэгтэй тулалдаж эхлэв. Хятадууд Богд гэгээнийг бусад ноёдын хамт баривчилжээ.
Барон Унгерн 1921 оны эхээр Хятадуудыг гэнэдүүлэн Богдыг хатных нь хамт оргуулан Манзушир хийдэд авч ирэхийн зэрэгцээ цэргийн хүчээ зузаатган 1921 оны 2 сарын 4-ний өдөр Их хүрээг чөлөөлж, улмаар Барон Унгерн 1921.02.15-нд Гадаад Монголын автономыг дахин сэргээснийг зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Засгийн газар түүний 5 яамыг байгуулсны нэг нь Шүүх яам байв.
/ Үргэлжлэл бий