МОНГОЛЫН ШҮҮХИЙН ТОВЧ ТҮҮХ-2
2016-03-09 16:33:05 | 123Монголын эх оронч хөвгүүд тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлээ тууштай үргэлжлүүлэн Хятадын гамин, Оросын цагаантнаас улс орноо бүрэн чөлөөлөх зэвсэгт тэмцэл, ”ардын хувьсгал”-д бэлтгэх ажилд яаравчлан оров.
Зөвлөлт Улсаас цэрэг, техник, санхүүгийн туслалцаа үзүүлэх болов. Ар Хиагт буюу Троицкосавскт хотноо 1921.03.01-03-нд МАН-ынханы анхдугаар уулзалт, зөвлөгөөнийг хийлгэсэн байх ба энэ нь Зөвлөлтүүдийн шахалт оролцоотойгоор марксист-ленинист маягийн улс төрийн нам болох үүд хаалгыг нээжээ. Зөвлөгөөнөөс гаргасан \"МАН-аас Түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх баримтаас энэ талаар мэдэж болохоос гадна мөн энд
Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань хязгаар,Төвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө эзэрхэн шударга засаг байгуулж, тусгаар тогтноод, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж Холбоот Улс байгуулбал, сая харилцан бие биеэ дарлалцахгүй болоод, гадаадын эзэрхэг түрэмгий аюулаас хамгаалахад сайн...гэсэн нь гадна тулгалт нөлөөлснийг илтгэх мэт.[2]
МАН, ардын цэргийн хэргийг бүгд ерөнхийлөн захирах газар, цэргийн олон анги ба хошуу шавийн төлөөлөгчдийн чуулган 1921.03.13-нд чуулж, \"Монгол Ардын Засгийн хэргийг бүгд ерөнхийлөн захирах газар”байгуулбал зохино хэмээн Ардын Түр Засгийн газарт 7 хүнийг томилж, Засгийн газрын тэргүүлэгч даргад Чагдаржав болжээ. Мөн Харъяат газар орныг хятадын эрх мэдлээс ангижруулж, орос цагаан намын цэрэг ба хуаз дээрэмчин зэргийн зэвсэг -бүхий муу хулгай нарыг арилган Монгол ард лугаа найрамдалтай зэргэлдээ улсууд лугаа харилцан нэвтэртүгэй. Бас монгол ардын төлөөлөгчид их хурлыг зарлан хуралдуулж, үүрд байх Засгийн газрыг олж, улсын үндсэн цааз дүрмийг тогтоосугай гэжээ. [3]
Ардын Түр Засгийн газар Хиагтыг чөлөөлөх үүргээ нэр төртэй гүйцэтгээд 1921.03.24-нд хуралдсан хурлаар Ардын Засгийн газарт Дотоод яамыг ерөнхий, шүүх таслах, гадаад хэрэг эрхлэх, харилцан нэвтрэлцэх гэсэн 4 хэлтэстэй, Цэргийн яам, Сангийн яамыг мөн зохих хэлтэстэйгээр байгуулжээ.
Тийнхүү шүүн таслах хэлтсийг байгуулсан нь тус улсад ардын \"Шүүх байгууллага”-ыг байгуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн байна.
1921.07.06-нд Нийслэл хүрээг чөлөөлж, 1921.07.10-нд Бароны босгосон Засгийн газрыг татан буулгаж, Ардын Түр Засгийн газрыг Монгол Улсын Засгийн газар болгон дотоод яам, цэргийн яам, сангийн яам, гадаад яам, шүүх яам гэсэн бүтэцтэй эмхлэн байгуулж, 1921.07.11-нд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, 1921.11.01-нд Ардын ЗГ ба Богд хаан хоёрын хооронд \"Тангарагийн гэрээ” байгуулжээ.
1921 оны 7 дугаар сарын 10-нд байгуулсан Шүүх явдлын яаманд улсын шүүх цаазын явдлыг удирдах үүргийг ногдуулсаны хамт шүүн таслах дээд байгууллагын үүргийг давхар гүйцэтгүүлжээ. Шүүх яам зохион байгуулалтын хувьд :
1/ тус улсын харъяат иргэдээс үйлдсэн эрүүгийн хэрэг, түүнчлэн тэдний хооронд үүссэн иргэний маргааныг шийдвэрлэх асуудал эрхэлсэн Дотоод хэлтэс,
2/ гадаадын харъяат нарын үйлдсэн эрүүгийн хэрэг, мөн тэдэнд холбогдол бүхий иргэний маргааныг таслах шийдвэрлэх эрхтэй Гадаад хэлтэс,
3/ шүүх таслах ажлыг удирдах болон хорих газар, нотариатын хэргийг эрхэлсэн Ерөнхий хэлтсээс бүрдэж байв.
1921.07.16-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Шүүх яам иргэний бүх төрлийн шүүн таслах ажил, түүнийг удирдах үүргийг хүлээхээс гадна Цэргийн яамны дэргэд улс төрийн болон зэвсэгт хүчний доторхи хэргийг шийдвэрлэх цэргийн тусгай шүүх /Комендатын хороо/-г байгуулжээ.
1922.03.03-ны өдөр Засгийн газрын хурлын түр зуурын дүрмийг баталсан байх ба энэ дүрмийн дагуу Засгийн газар нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүн таслах эрхийг /зарга таслан шийтгэх, байцаан нягтлах дээд эрх/ эдэлж байсан байна.
Засгийн газраас 1922 оны 5 сарын 19-нд \"Хууль цааз зохиох” тогтоол гарсан байх ба энд...аливаа шүүх хэрэгт эрхбиш Европын олон улсын хууль дүрмийг харгалзан дахин шинэчлэн зохиолгох зэргийг хэлэлцээд...тусгай комисс гаргаж, шүүх яамнаас эрхлэн зохиолгохоор болжээ.
Ийнхүү Улс орон даяар шүүх, шүүх таслах үүргийг \"Шүүх” яам хүлээж, орон нутагт энэ үүргийг хошуу засаг, түүний тамгын газар эрхэлж байх ба 1923 онд Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм батлсанаар багийн дарга, сумын занги/дарга/, аймгийн захиргаа нь шүүн таслах тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэхээр болсон байх ба аймгийн захиргаа, хошуудын тамгын газрын дэргэд Зарга шийтгэх хэлтсийг шинээр байгуулжээ.
Социалист (mоталитар дэглэм) төрийн үеийн шүүх [4]
1920-иод оны дунд үеэс Коминтерн МАХН-ын үндэсний ардчилсан чиг баримтлалыг хянан үзэж, тийм үзэл бодолтой хүмүүсийг хавчин хяхах бодлого явуулж байв.
Ийм нөхцөлд Монголчууд 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, төрийн засаглалын хэлбэрийг үндсээр нь сольж, Монгол Улс засаглалын хэлбэрийн хувьд Бүгд найрамдах хэлбэрийг тунхагласан нь түүхэн дэвшилт, чухал ололт байв.
Гэвч Бүгд найрамдах засаглалыг жинхэнэ утгаар нь тогтоож хэрэгжүүлж чадаагүй буюу Коминтерн, большевикуудын нөлөөгөөр ангич, намч хандлага, коммунист чиг шугам баримтлах болж, засаглалыг хэрэгжүүлэх арга, механизмын хувьд ардчилсан бус дэглэм буюу хүний эрх, эрх чөлөөг улс төрийн нэг хүчин буюу дарангуйлагчийн хүсэл зоригт захируулж, тэд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах арга механизм, хуулийг өөрсдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцүүлэн зохиох зэргээр засаглалыг ихэвчлэн хүчирхийлэл, албадлагын аргаар хэрэгжүүлдэг дэглэм тогтоож, энэ нь 1990-ээд оны эхэн хүртэл 70 шахам жил үргэлжилсэн байна.
Хэлбэрийг бус мөн чанарыг баримталбал 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийг социалист гэх нэгэн маягт хамааруулж ангилах нь үнэнд илүү нийцнэ.[5] Орос-зөвлөлтийн эрх зүйгээр дамжин Европын хууль зүйн соёлтой ойртсоноороо дэвшилтэй, эцсийн дүнгээрээ томоохон гажуудал байсан [6]...Гажуудал гэсний утга нь юун түрүүнд большевик арга, сэтгэлгээнд тулгуурласанд оршино. [7]
Анхны Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн тухай тусгайлан заалт ороогүй байна. 1925 оны 1 сард Шүүх яаманд сайдаар удирдуулсан шүүх, мөрдөх, засан хүмүүжүүлэх ажлыг удирдах, шүүхээс баримталдаг хуулийг боловсронгуй болгох чиг үүрэг бүхий \"улсынбүх шүүн таслах хэргийг жолоодон удирдах зөвлөл” гэсэн бүтэц ажиллаж байв.
1925.10.16-нд Засгийн газрын 38 дугаар хурлын тогтоолоор :
Шүүх явдлын яам нь тус улсын доторхи аливаа дотоод, гадаадын хүн ардын хүний амь, худал хулгай, арга зальхай, өр шир, самуун садрын зэрэг эрүүгийн ба иргэний шүүн таслахад холбогдсон хамаг хэргийг захиран шийтгэхээс гадна аливаа зохих газруудад шүүх таслах газруудыг байгуулах, асуух, дүрэм, заавар гаргахыг хянан байцаах зэрэг явдлыг бүрэн эрхэлж шийтгэхийг” заажээ.
1925 оны 11 сарын 27-нд Засгийн газрын дэргэд Түр цагийн /улс төрийн/ шүүхийг байгуулж, 1930 он хүртэл ажиллуулж байжээ. Энэ шүүхийн харъяалан таслах хэргийг \"Түр дагаж явах дүрэм”-ээр тодорхойлсон байх ба засаг төрд тэрсэлсэн, хорлон сүйтгэх, улсын хөрөнгө хулгайлах, хээл хахууль авсан, хуурамч мөнгө гаргасан зэрэг хэргийг таслан шийтгэхээр заажээ. Тус шүүхийн анхны даргаар Х.Чойбалсан ажилласан байх ба 1927 оноос даргын үүргийг нь түр шүүхийг татан буулгах хүртэл Улсын дээд шүүн таслах газрын даргад хавсаргаж байжээ.
Шүүх анх удаа 1926 оноос төрийн засаг захиргааны байгууллагаас тусгаар шинжийг агуулах болов.
Улсын бага хурлын тэргүүлэгчид \"БНМАУ-ын аливаа шүүн таслах газруудыг байгуулах тухай” дүрмийг 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр баталсан нь тус улсын шүүхийн байгууллагыг төрийн бие даасан тогтолцоо болгон төлөвшүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Энэ дүрэмд зааснаар шүүхийн анхны тогтолцоо нь :
- Хошуудын жинхэнэ ардын шүүн таслах газар
- Аймаг, хотын шүүн таслах газар
- Тусгай шүүн таслах газар
- Улсын дээд шүүн таслах газраас бүрдэх ба шүүхүүдийн бүрэн эрх болон шүүгч /шүүн таслах газрын түшмэл гэж нэрлэж байв/, ардын төлөөлөгчийг сонгох, томилох журам зэргийг тогтоосон байна.
Мөн Улсын бага хурлын тэргүүлэгчид 1926-1927 онуудад Шүүх цаазын бичиг /Эрүүгийн хууль/, Иргэний хууль, Шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль зэрэг шүүхээс хэрэглэх үндсэн гол хууль тогтоомжийг баталжээ.
Гэхдээ энэ үед шүүх нь нам, засгийн хяналтад буюу шүүх явдлын яам салбарын удирдлагаар ханган, хараат байдалд ажиллаж байв. Бүхнийг удирдан жолоодогч намаас шүүн таслах ажиллагаанд чиглэл өгдөг, хөндлөнгөөс оролцдог байж.
Шүүн таслах хэргийг жинхэнэ хувьсгалын бодлого ба ардын ёсонд нийлүүлж явуулах ба төв орон нутгийн шүүн таслах хэргийг эрхлэгчдэд хувьсгалын бодлого лугаа танилцсан ардын этгээдээс бүрнээ оруулах хийгээд нэгэнтэйгүүр энэ хэрэгт танилцуулах, боловсруулах тухай түр хуралдаан ба сургуулийг төв газар байгуулбал зохино гэж МАХН-ын их хурлаас тогтоожээ.
Хошууны шүүхийг хошууны хурлаас1 шүүгч, 2 иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр 1 жилээр сонгон байгуулна, шүүх ажлаа хошууны хурлын өмнө хариуцна, шүүгчийг огцруулах, шилжүүлэх асуудлыг хошууны хурал шийдвэрлэнэ.
Шүүн таслах газруудад аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хуульд зааснаар хошууны шүүх өөрт харъяалуулсан хэргийг давж заалдах эрхтэй эсхүл давж заалдах эрхгүйгээр таслан шийдвэрлэх эрх хэмжээтэй байжээ.
Аймгийн шүүхийг аймгийн хурлаасшүүгч, ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй 1 жилээр сонгон байгуулна, тус шүүх нь хошууны шүүхийн шийдвэрийг давж заалдсан бол хянан магадлаж, эцэслэн шийдвэрлэнэ, мөн хуулиар харъяалуулсан зарим төрлийн хэрэг маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэдэг эрхтэй байв.
Хотын шүүх нь аймагт харъяалагдаагүй бие даасан хошуунд байгуулсан хот дахь анхан шатны шүүх байх ба аймгийн болон хошууны шүүхэд харъяалагдах зарим төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэх эрхтэй, шууд Улсын дээд шүүн таслах газарт харъяалагддаг байжээ.
Улаанбаатар хотын шүүх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээтэй байх ба зарим төрлийн хөнгөн хэргийг тус хотын цагдан сэргийлэх газар давж заалдах эрхтэй шийдвэрлэх журам үйлчилж байв.
Тусгай шүүх нь түр зуурын болон цэргийн шүүхээс бүрдэж байж. Түр зуурын шүүхийг анх 1925 оны 11 сарын 27-нд Засгийн газрын дэргэд байгуулсан байх ба дарга, 2 гишүүнтэйгээр Засгийн газраас томилон байгуулж, шууд харъяалан ажиллуулж байжээ.
Улсын Дээд шүүн таслах газар бол ардын ба цэргийн шүүн таслах газруудыг ерөнхийлөн захирч, аливаа хэрэгт хууль цаазыг баримтлан таслан шийтгэх бүрэн эрх бүхий дээд газар...хэмээн 1927.01.06-нд Улсан бага хурлаас баталсан \"БНМАУ-ын Дээд шүүн таслах газрын түр дагаж явах дүрэм”-д заажээ.
1926 оны 12 сарын 29-нд хуралдсан УБХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Улсын Дээд шүүн таслах газрын даргаар Гүрсэд анхлан томилогдсон байх ба тус шүүх нь хэрэг маргааныг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэдэг, зохион байгуулалтын хувьд бүгд хурал, 2 ангитай, бүгд хурал нь Дээд шүүхийн дарга, ардын анги ба цэргийн ангийн гишүүдээс гадна шүүх яамны орлогч сайдаас бүрддэг байх ба бүгд хурлын эрх хэмжээ нь нийт шүүхийн үйл ажиллагаанд дээд хяналт тавьж, хувьсгалт хуулийн бодлогыг нэг мөр хангуулах явдал байжээ.
Улсын Дээд шүүн таслах газрын дарга, гишүүдийг анх Улсын бага хурлаас сонгож байсныг өөрчлөн Засгийн газар томилж, УБХ баталдаг болгосон байх ба Дээд шүүхийн дарга нэгэн зэрэг Шүүх яамны орлогч сайд байв.
1927-1930 онд шүүхийн үйл ажиллагаанд баримтлах хуулийн бодлого, зохицуулалтыг шинэчлэн өөрчлөх арга хэмжээ авчээ.
Засгийн газраас 1927 оны 5 сард \" Ардын шүүн таслах газруудын байцаагч түшмэдийн дүрмийг баталснаар байцаагч түшмэд нь харъяалах хэргийг мөрдөн байцааж, шүүхэд шилжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байх ба энэ нь мөрдөн байцаах чиг үүргийг шүүхээс тусгаарлах эхлэл болов.
Мөн Засгийн газраас 1928 оны 5 сард шүүхэд төлөөлөн заалдагч буюу \"Шүүн таслах явдлын тухайд тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулах шийдвэр гаргасан нь хэрэгтэнд өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэх чухал арга хэмжээ байв.
Улсын их хурлаас 1930 оны 4 сард прокурорын тушаалыг төв ба аймгууд зэрэг газарт үүсгэн байгуулахыг тогтоож, мөн оны 8 сард УБХ-аас прокурорын байгууллагын дүрмийг баталжээ. Дүрмээр Шүүх яамны дэргэд Улсын прокурорын газрыг, Улсын Дээд шүүн таслах газрын дэргэд улсын прокурорын туслагчийг, аймгийн шүүхэд прокурорын хяналт эрхэлсэн орлогчийг тус тус бий болгожээ.
Шүүх явдлын яам нь шүүх, прокурорын газруудыг ерөнхийд нь удирдах, тэдгээрийг зохион байгуулах явдлыг эрхэлдэг, шүүх явдлын яамны сайд эсэргүүцэл бичин шийдвэрлэсэн хэргийг УДШ-д хянуулах эрх эдэлдэг байв.
1931-1933 онд шүүхэд зарим шинэчлэлүүд хийгдсэн байна. Тухайлбал :
Хошууны шүүхийг татан буулгаж, хэд хэдэн сум харъяалсан ангийн шүүхийг байгуулж, аймгийн шүүхийг нэмжбайгуулжээ.
1932 онд Улаанбаатар хотыг бие даасан хот болгосон учир тус хотын шүүхийг аймгийн шүүхийн эрхтэй болгож, түүний харъяанд ангийн 2 шүүхийг байгуулав.
Гэвч 1933 оноос ангийн шүүхүүдийг татан буулган сум, хорооны шүүхийг байгуулж, сумдын захиргаадын эрхийг өргөтгөн шүүхийн үүргийг тухайн үеэс 1943 оны 4 сар хүртэлх хугацаанд сум, хорооны дарга нарт шилжүүлэн эрхлүүлсэн байна.
Энэ үйл явдал нь шүүхийн нэгдсэн тогтолцоо бэхжин хөгжих үйл явцыг тасалдуулан, шүүн таслах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх зарчмыг дэс дараалалтай хэрэгжүүлэх зорилтоос ухарсан хэрэг байв Энэхүү ухралтын улс төр, хууль зүй, ёс суртахууны хор уршиг ч тун удалгүй улс төрийн хэлмэгдүүлэлтийн хэлбэрээр илэрчээ.
1930 онд хуралдсан БНМАУ-ын VI их хурлаас УБХ ба Засгийн газрын илтгэлийг сонсоод гаргасан тогтоолд : \"Тус улсын олон шүүх таслах газрууд бол харъяат улсын жинхэнэ ядуу ард түмнийг арчлан хамгаалж, засан сайжруулах зэрэг суртлын талаар хөгжүүлэн өрнүүлж, нийгэм журмын байдалд дэвших чухал үүрэг зорилгыг хүлээсэн нэгэн үндсэн чухал газар мөн бөгөөд тус газрууд хуучны хүнд сурталтан буюу үл бүтэх эсэргүү нар ба цагаантны үлдэгдлээс шургалан хоцрогдсон этгээд байгаа үгүйг сайтар нэгжин байцааж, нэгмөсөн шавхан цэвэрлэн арилгаж, харъяат шүүх таслах газруудыг жинхэнэ ангийн хувьсгалын идэвхи чанартай газар болгож явуулахыг онц чухалчилбал зохино”[8]гэсэн чиглэл өгч байв.
Мөн 1932 онд хуралдсан МАХН-ын төв хороо ба хянан байцаах төв комиссын хавсарсан онц III бүгд хурлын тогтоолд \"Хуулийг эс гүйцэтгэх бөгөөд нам, засгийн бодлогыг нугалах, завхруулах явдлыг гаргагсадтай эрч шуудаар тэмцэж, тэднийг хатуугаар гэсгээх, залхаах зэргээр арга хэмжээнүүдийг авч байвал зохино”[9]гэсэн заалтыг шүүхэд өгч, биелэлтэд нь маш хатуу чанд хяналт тавьж байв.
Сайд нарын зөвлөлийн 1937 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан \"Онц бүрэн эрхт комисс” нь шүүхийг орлох буюу түүнтэй зэрэгцэн ажиллаж, түүхэнд \"Лхүмбийн”, \"Гэндэн-Дэмидийн”, \"Амар, Лувсаншарав” нарын хувьсгалын эсэргүү бүлгийн гэх зэрэг олон зуун хэргүүдийг үүсгэн, нам, төрийн зүтгэлтэн, тэргүүний сэхээтэн, лам хуврага, жирийн иргэд хүртэл нийт 26.000 орчим хүний хэргийг таслан шийдвэрлэхдээ 20.000 хүнд алах ял оногдуулж, бусдыг нь олон жилээр шорон, гянданд хорьж хууль ёсыг бүдүүлгээр зөрчин, Монголын түүхэнд хар толбо үлдээжээ.
Хэлмэгдүүлэлт шүүхийг мөн тойроогүй буюу Монголын шүүхийг үүсгэн хөгжүүлэх үйлсэд оролцож оюун ухаан, хүч чадлаа зориулж явсан шүүхийн үе үеийн олон хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амьдрал, амь насаа алдаж байсан аймшигт түүх байна.
Хэлмэгдүүлэлтийн энэ бүх бусармаг ажиллагаа нь нийгэмд намт ёс ноёрхсон, намын цөөн удирдагчид өөрсдийн хүсэл зориг, ашиг сонирхолдоо нийцүүлэн баталсан хууль ба шүүхийн системийг ноёрхогч намын зэвсэг, дэвшилтэт үзэлтнийг тэрсэд тооцон хашраах, залхаан цээрлүүлэх арга хэрэгсэл болгодог байсан нотолгооны ноцтой илрэл юм.
Түүнчлэн намын бодлого, өгсөн чиглэл, удирдамжийг биелүүлээгүй нөхцөлд шүүгчдэд намын болон сахилгын арга хэмжээ авч, улмаар ажлаас нь зайлуулдаг байв. Тухайлбал :
МАХН-ын төв хорооны улс төрийн товчооноос гаргасан БНМАУ-ын шүүх, прокурорын байгууллагуудын ажлын байдлын тогтоолоор \"шүүх, прокурорын байгууллагуудын ажиллагаанд тавих намын хяналтыг үндсээр нь сайжруулж, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг цуцалтгүй өрнүүлэх замаар ажлын дутагдлуудыг илрүүлэн хүнд суртал, салан задгай явдлуудыг устгаж байх, тэдний ажилд тодорхой чиглэл, практик ажлын тусламж үзүүлж, энэ байгууллагын ажилтнуудын улс төрийн ухамсар, ажлын мэргэшил, хувийн хариуцлага, сахилгыг эрс дээшлүүлэхэд онц анхаарлыг тавьж байх”[10] үүргийг аймаг, хотын МАХН-ын хороодын нарийн бичгийн дарга нарт даалгасан байх ба мөн \"шүүх, прокурорын байгууллага нь…хувьсгалт хуулийг сахин хамгаалахыг ёсчлон биелүүлэх ба гэмт явдлыг урьдаас сэрэмжлэх онц хариуцлагыг нам, засгийн өмнө хүлээх” тухай тусгай тогтоол гаргаж, \"хуулийн улс төрийн бодлого”-ыг тууштай биелүүлэхийг чиглэл болгож байв.
Шүүх нь 1940 оноос анх удаа Үндсэн хуулийн баталгаатай болов.
Тус хуульд шүүн таслах хэргийг Улсын дээд шүүх, Улаанбаатар хотын шүүн таслах газар, аймгийн шүүх, ардын шүүх таслах газар гүйцэтгэнэ гэж заажээ.
1943 онд УБХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сум, хороодод захиргааны дарга нар шүүн таслах үүргийг гүйцэтгэж байсныг чөлөөлж, таслан шийдвэрлэж байсан хэргүүдийг дээд шатных нь шүүх анги, шүүн таслах газруудад харъяалуулсан, харин сумдад олон нийтийн шүүхүүд /ялимгүй, жижиг хэрэг маргаан шийдвэрлэх/ байгуулахаар заасан боловч энэ ажил нь удааширч, 1945 он хүртэл төдийлөн хэрэгжээгүй ажээ.
Мөн уг тогтоолд УДШ-ийн эрх хэмжээг улам тодруулж, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх арга хэмжээ авчээ. Улсын дээд шүүх газар бол тус улсын шүүн таслах дээд байгууллага болохын хувьд шүүн таслах ажиллагаанд хяналт тавьж, шүүхийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.
Ингэснээр 1941 онд батлагдсан шүүх яамны дүрэмд зааснаар Шүүх яам тус улсын шүүхийн байгууллагын ажлыг шалгах ба удирдах үүрэгтэй байсныг өөрчилж, энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангахад гол алхам байв.
Мөн 1943 онд \"Шүүх таслах газрууд ба прокурорын байгууллагын дүрэм”-д өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд анхан болон давах, хяналтын шатны эрх бүхий
- эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги
- иргэний хэрэг эрхэлсэн коллеги
- цэргийн коллеги байгуулахаар заахын зэрэгцээ тухайн коллегиос шийдвэрлэсэн хэргийг эрх бүхий албан тушаалтнуудын эсэргүүцлээр хянан хэлэлцэж байх эрхийг Дээд шүүхийн бүгд хуралд олгосон байна.
Түүнчлэн Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн IX зарлигаар Шүүхийн зохион байгуулалтын тухай анхны системчлэгдсэн хууль батлагдсан нь шүүх таслах ажиллагаа аливаа дүрэм, заавраар биш зөвхөн хуулийн дагуу явагдах болов. Эдгээр хуульд зааснаар тус улсад шүүн таслах явдлыг :
- Улсын дээд шүүх
- Аймаг, хотын шүүх
- Тусгай шүүх
- Ардын хэсгийн шүүх эрхлэн гүйцэтгэнэ гэж шүүхийн тогтолцоог заасан байна.
1953 онд УБХ-ын тэргүүлэгчдээс Ардын хэсгийн шүүхүүдийн сонгуулийн тухай дүрмийг баталжээ.
Энэ үеийн шүүхийн талаарх зохицуулалтын өмнөхөөс онцлох гол ялгаа нь аймаг, хотын шүүхийн дарга нь нутаг дэвсгэрийн харъяалах хэсгийн шүүхээс ямар ч хэргийг татан авч таслах эрхтэй, мөн хэсгийн шүүхүүдийн ажлыг шалгах, туслах, энэ талаар шүүх яаманд тайлагнах чиг үүрэгтэй байжээ.
Мөн 1954 онд УДШ-ийн цэргийн коллегийг татан буулгаж, 1955 онд төмөр замын шугамын шүүх байгуулжээ.
БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Шүүх явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг БНМАУ-ын дээд шүүхэд шилжүүлсэн байх ба энэ үеэс Дээд шүүх нь шүүн таслах дээд эрхийг, шүүхүүдийг зохион байгуулалтын талаар удирдах эрхтэй хослуулан биелүүлэх болжээ.
1960 оны Үндсэн хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх, чиг үүргийг тодотгон бататгасан байна.
Харин АИХ-ын тэргүүлэгчдээс 1961 оны 10 сард Шүүхийн зохион байгуулалтын болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ дагуу Дээд шүүхийн тэргүүлэгчдийг бий болгон, түүнд улсын бүх шүүхийг зохион байгуулалтын талаар удирдах ажлыг хариуцуулснаас гадна аймаг, хотын шүүхэд ардын хэсгийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэргийг шүүх, прокурорын эрх бүхий албан тушаалтны[11]эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын шатны журмаар шийдвэрлэх эрх олгосон байх ба аймаг, хотын шүүх нь хяналтын шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд аймаг, хотын шүүхэд дарга, орлогч, байнгын ба байнгын бус бүрэлдэхүүнтэй хяналтын коллеги байгуулагдан ажиллаж байж.
Мөн АИХ-ын тэргүүлэгчдээс 1961 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 315 дугаар зарлигаар Улаанбаатар хотоос бусад газар /аймгуудын/-ын ардын хэсгийн шүүхийг татан буулгаж, оронд нь аймгийн нүүдлийн шүүхийг бий болгожээ. Нүүдлийн шүүхийн шүүгч нь нэгэн зэрэг Аймгийн шүүхийн гишүүн болох тул аймгийн АДХ-аас сонгогддог болов.
1960-аад оноос орон нутгийн харъяалалтай хотууд бий болсны дагуу ардын хэсгийн зарим шүүхүүдийг орон нутгийн хотын шүүхүүд болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Улаанбаатар хотыг засаг захиргааны хувьд 4 район болгон зохион байгуулалтын өөрчлөлт хийсний дагуу 1965 оны 8 сард район тус бүрд ардын шүүх байгуулахаар шийдвэрлэжээ.
1972 онд Дээд шүүхэд цэргийн коллегийг дахин байгуулжээ.
1978 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хуулийг баталснаар тус улсад шүүн таслах эрхийг :
- Дээд шүүх
- Аймаг, хотын шүүх
- Тусгай шүүх
- ардын шүүх /хэсгийн болон орон нутгийн хотын, район/ хэрэгжүүлэхээр хуульчлагдсан байна.
УДШ нь бүх шүүхийн шүүн таслах ажиллагаанд шүүхийн дээд хяналтыг хэрэгжүүлэх, эрүү, иргэний онц төвөгтэй хэргийг харъяалж давж заалдах эрхгүйгээр таслан шийдвэрлэх, нийт шүүхээс баримтлах удирдамж, хуулийн тайлбар гаргах, төрийн дээд байгууллагад хууль санаачилж оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна тус улсын шүүхийн байгууллагын бүх ажлыг удирдаж, шүүн таслах ажиллагаанд хяналт тавих онцгой эрхтэй байв.
Гэхдээ УДШ нь АИХ түүний тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнах үүрэгтэй байжээ.
Ийнхүү шүүх хэмээх байгууллага 1926 оноос бие даах шинжийг олсон, 1940 оноос Үндсэн хуулийн баталгаатай болсон, 1960 оны Үндсэн хуульд зааснаар 1990 он хүртэл ардчилсан зарчмуудыг баримталж байсан мэт боловч төрийн эрх мэдлийг нэг хүчинд буюу намын удирдах цөөн хэсэгт төвлөрүүлж, засгийн нэгдмэл байдал гэх үзэл санаа ноёрхож байсан, 1940 ба 1960 оны Үндсэн хууль үнэн хэрэг дээрээ социалист системийн туршилтын өвөрмөц хэлбэр буюу нийгэм журамд дэвшин орохын тулд улс орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангах, социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулахыг хангах зорилготой байсан тул Үндсэн хуулиар тунхагласан зарим нэг зарчим нь үзэл сурталд автагдсан, захиргаадалтын шинжтэй байв.
Шүүх нь дороос дээшээ төвлөн захирагддаг босоо тогтолцоотой, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүхийг хянахаас гадна шүүхээс гадуур тусгай байгууллага байгуулж шүүхтэй зэрэгцэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байсан, шүүх бие даасан, шүүгч хараат бус байх явдал улс төр, зохион байгуулалт, эрх зүйн хувьд ямар ч хамгаалалт, баталгаа байгаагүй, бүхэлдээ нам, засгийн хяналтад, намын ангич үзэл, баримтлалаас хараат байдалтай, намын өгсөн заавар, чиглэлийг хэрэгжүүлдэг буюу АИХ-аар дамжуулан тавих нам, сонгогдсон хурал түүний захиргааны хяналт, нөлөөнд байсан зэрэг хараат байдалтайгаар 1990 он хүрсэн байна.
Энэ үед шүүхийн байгууллагын ажлын гол зорилт нь \"Нам, засгийн ерөнхий журмыг баримтлан хувьсгалт хуулиар ард түмнийг сэнхрүүлэх, гэмт хэргийг илрүүлэн таслан шийдвэрлэх явдал” буюу шүүх, шүүгч нь нам, төрийн бодлогыг ямагт тэргүүн зэрэгт тавьж, үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүй удирдлага болгож байжээ. Энэ зорилтоос нам, намын засаг ноёрхож, тэдэнд хууль, журам үйлчлэхгүй, нам төрийг удирдана, намын төрөөс баталсан хуулийг иргэд үг дуугүй биелүүлнэ, биелүүлэхгүй бол албадлагын механизм хэрэглэнэ гэсэн логик утга агуулга буюу тоталитар дэглэмийн гол зарим шинжүүд илэрхийлэгдэж байгаа болно.
Ардчилсан, эрх зүйт төрийн үеийн шүүх
Хүн төрөлхтөний мянга мянган жилийн түүх бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө, засаг төрийг Үндсэн хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх тэмцлийн түүх байжээ.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч нь төр, мөн хохироогч нь ч төр байх бололцоотой учраас хүн төрөлхтөн өөрийнхөө эрх, эрх чөлөөг төрийн хүчнээс хамгаалах, баталгаажуулах талаар хийсэн дорвитой ололт бол төрийн эрх мэдлийг хуваарилах онолын тогтолцоог бий болгон, төрийн дээд хууль болох Үндсэн хуульдаа суулгаж, улмаар төрийн тогтолцоогоо түүний дагуу бүрдүүлсэн явдал.[12]
Анхны Үндсэн хууль 1787 онд АНУ-д үүнээс хойш Польш, Франц зэрэг улсад Үндсэн хууль бий болж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал ба ард түмний бүрэн эрхт байдлын үзэл санаа нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгддөг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны зэрэг түгээмэл үнэт зүйлсийн шинэ стандартыг агуулсан олон чухал баримт бичгийн суурь болжээ. Тухайлбал :
1789 оны хүний ба иргэний эрхийн тунхаглалд \"хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй” гэж анх заажээ.
1980-аад оны эцсээр Монголын Ардчилсан хүчнийхэн хошуучилж, нэг нам ноёрхсон захиргаадалтын дэглэмийг халж, эрх зүй, эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын зэрэг улс орны бүхий л салбар хүрээг хамаарсан шинэтгэл хийх шинэ үзэл, сэтгэлгээгээр \"хувьсгалт хөдөлгөөн” өрнүүлсэн билээ. Үүний үр дүнд 1990 оны 3 сард нэг намын ноёрхлыг халж, ардчилсан шинэтгэлийн хууль зүйн эх үндэс болгон 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг батлан мөрдөж, эдүгээгийн шинэ, ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталж, мөн оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс дагаж мөрдөж байна. Ингэж Монгол Улс нэг нам дангаар ноёрхсон улс төрийн тоталитар дэглэмээс ардчилсан дэглэмд бүрэн шилжсэн билээ.
Анх 1990 оны 3 дугаар сард хууль гаргаж нэг намын онц эрхийг халахын хамт шүүгч, прокурор, мөрдөн байцаах байгууллагын ажилтан намаас түдгэлзэх буюу намын нөлөөнөөс хамгаалах механизмыг бүрдүүлжээ.
1990.09.27-нд шүүхийн байгууламжийн тухай хууль баталж, түүний хараат бус байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгож, 1992 оны Үндсэн хуулийн дагуу төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилсан.
Ардчилсан улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ба төрийн эрх мэдэл хуваарилах зарчим[13]-ын дагуу засгийн нэгдмэл эрхийг харилцан тэнцвэр, хяналттай (balances and checks) байх 3 салаанд хуваасны нэг нь шүүх эрх мэдэл.
Шүүх эрх мэдэл нь \"нэгдүгээрт:эрүү, иргэний хэрэг төдийгүй эрх зүйн бусад (бүх) маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх, хоёрдугаарт : хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор гаднын хяналт тавьж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөн”.[14]
Шүүхийг төрийн эрх мэдлийн бие даасан салаа болгон тусгаарлахын агуулга, ач холбогдол, зорилгыг судлаач, эрдэмтдийн бичсэн :
Шүүх эрх мэдлийн агуулга нь хүний эрх, эрх чөлөөг хангахад болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн үйл явдал, шийдвэр нь эрх зүйд нийцсэн эсэхэд хяналт тавихад оршино. [15]
Шүүх эрх мэдлийн зорилго нь хүчирхийлэх үзэл санааг эрх зүйн үзэл санаагаар солиход, Засгийн газар ба түүний ашигладаг хүч хоёрын завсар эрх зүйн саад тогтоох явдал. [16]
Хэрэв шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Харин гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх нь дарангуйлагч болох бололцоотой. Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч аргагүй” [17] гэх зэрэг үнэт үзэл санаанаас мэдэж болно.
Энэ утгаараа шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны хийгээд ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалах үндсэн баталгаа болдог.
Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага өөрсдөө хууль биелүүлж байгаа эсэхэд шүүхийн хяналт тогтоосон нь дэлхийн улс түмнээс дарангуйлагчдын эсрэг явуулсан тэмцлийн нэг үндсэн ололт гэж үздэг[18], өмнө нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шүүхэд хянагдах биш шүүхийг хянадаг, албадлага, хүчирхийллийн зэвсэг болгодог, шийдвэрээ хүчингүй болгуулах бус хамгаалуулдаг, өөрсдөө хуулийг тойрч гардаг буюу хуулийн үйлчлэлээс гадуур байв.
Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль, шүүхийн хяналтад оруулсан нь шударга ёс, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах шинэ механизм, эрх зүйт төрийн оршин хөгжих үндэс болсон юм.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн гол агуулга нь намын ба засаг захиргааны байгууллагын шууд хяналтад байж, тэдгээрийн албадлагын зэвсэг болж байсан хуучин тогтолцоог халж, шүүх эрх мэдлийг засгийн бие даасан салаа болгосон ба эрх мэдлүүд хоорондын хяналт, тэнцвэрт байдлыг хангахын тулд шүүхийн тогтолцоог үндсэн, дагнасан болон төрөлжсөн шүүхээс бүрдүүлж,тэдгээрийн хараат бус, бие даасан байдлыг хуульчлан тогтоосонд оршино.
1992 оны Үндсэн хуульд шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэц гэсэн бие даасан бүлэг орсон. Шинэ Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх эрх зүйн үндсийг бий болгосон юм. Тухайлбал : шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно, шүүх, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцож болохгүй, шүүгч гагцхүү хуульд захирагдана. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана, шүүгчийг МУ-ын Ерөнхийлөгч хугацаагүй томилно.
/ Үргэлжлэл бий /