-1

МОНГОЛЫН ШҮҮХИЙН ТОВЧ ТҮҮХ-3

2016-03-09 17:00:35    |   109

\"\"

1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоог өөрчилж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьсан ба 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс \"Шүүх байгуулах тухай хууль\"-ийг баталснаар : Шүүхийн Үндсэн тогтолцоог :

- Анхан шатны буюу сум, сум дундын, дүүргийн шүүх;

- Давж заалдах, хяналтын шатны буюу аймаг, нийслэлийн шүүх;

- Давж заалдах, хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүх гэсэн хэлбэртэй байсныг 2002 оны хуулиар өөрчилж,

- Анхан шатны буюу орон нутагт сум, сум дундын шүүх, нийслэлд дүүргийн шүүх,

- Давж заалдах шатны буюу 21 аймаг болон нийслэлийн шүүх

- Хяналтын буюу Улсын дээд шүүх гэсэн тогтолцоог бүрдүүлсэн байна.

Дагнасан шүүх байгуулж болох тухай Үндсэн хуульд заасныг үндэслэн гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийн хяналт тогтоохын тулд 2002.12.26-ны өдрийн хуулиар нийслэл ба аймаг бүрт Захиргааны хэргийн бие даасан шүүх, УДШ-д Захиргааны хэргийн танхим бий болгож,2004.06.01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Харин УДШ-ийн бүтцэд 5 шүүгч хийгээд тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим ажиллаж, давж заалдах болон хяналтын шатны бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж байгаа нь дагнасан шүүхийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байв.

Энэ асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргасан ба УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар \"Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хууль, \"Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай” 77 дугаар тогтоол тус тус хэлэлцэн баталж, үйл ажиллагаа нь жигдрэн төлөвшсөн.

Дагнасан шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд зааснаар УДШ-ийн хяналтад байна.

Үндсэн хуульд тусгайлан зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, үндсэн хууль зөрчсөн гэх маргаантай асуудлаар дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргадаг шүүх буюу Үндсэн хуулийн цэцийг байгуулсан. Үндсэн хуулийн цэц нь төрөлжсөн хэлбэрээр мэргэшсэн чиг үүрэгтэй, хянан шийдвэрлэх ажиллагааны тусдаа журам, Үндсэн хуульд заасан мэргэжлийн бүрэлдэхүүнтэй төрөлжсөн шүүх юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УДШ хянах бүрэн эрхгүй байдлыг ҮХЦ-ийг биеэ даасан төрөлжсөн шүүх гэж үзэх онолын үндэслэлд хамааруулж үздэг ажээ.

Ийнхүү шинэ, ардчилсан Үндсэн хууулийн дагуу шүүх эрх мэдлийн салбарт эрх зүйн шинэтгэл эрчимтэй хийгдэж, амжилттай хэрэгжиж байгаа ба шинэчлэл бол тасралтгүй явагдах үйл явц учраас цаашид дэлхийн ардчилсан улс орнуудын хөгжил, дэвшил, нийтлэг жишиг болон эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн улам бүр боловсронгуй болгоход чиглэгдсэн цогц бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөрүүд боловсруулан баталж, хэрэгжүүлсээр байгаа билээ.

Шүүхийн шинэчлэлийн давалгааг үргэлжлүүлсэн \"Шүүхийн багц хууль”-ийн талаар жич судлан бичих тул \"Монголын шүүхийн товч түүх” судалбарыг үргэлжлэлтэйгээр төгсгөв.

 

Товч дүгнэлт буюу эргэцүүлэл

Уг товч судалбар нь Монголын шүүх, төр, хууль цаазын чиглэлээр судалгаа хийх гэсэн зөвхөн эхлэл, оролдлого, судалгаа хийхэд бусдыг уриалсан санаачилга л болно.

Монголын шүүх, төр, хууль цаазын талаархи түүхэн сурвалжуудыг өргөн цархүрээнд судлан танин мэдэх, эргэцүүлэл хийх, сургамж авах, уламжлан шинэчлэх зэрэг олон асуудал байна.

Монголын үе үеийн төр нь шүүх, шүүгчгүйгээр оршин байгаагүй, Монголын шүүхийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил бол Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, засаг төрийг хуулийн хязгаарлалтад оруулахын төлөөх олон зуун жилийн тэмцлийн түүхтэй салшгүй холбоотой байв.

Гэхдээ шүүхийн түүхэн уламжлал, шинэчлэл, хөгжил бол зөвхөн шулуун дардан замаар замнаагүйбайх ба энэ нь улс орны ахуй байдал, хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавхи, гадаад орчин ба харилцааны түүхэн цаг үе зэргээс ялангуяа тухайн үеийн улс төрийн байгууламж буюу дэглэмээс үлэмж хамааралтай байжээ.

Үндсэн хуульт ёсны ба хууль дээдлэх үзэл сэтгэлгээ, шүүхийн эрх зүй, шүүхээс хэрэглэх материаллаг болон процессын хуулиуд, шүүгчийг төрийн тэргүүн (хаан)-ээс томилох, тэдгээрт тавих шалгуур, сахилга хариуцлага, шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнуулах /эрүү, иргэний, цэргийн хэргийн коллеги/ зэрэг зохицуулалт, үзэл хандлага, төлөвшлийн хувьд боловсронгуй болж өөрчлөгдсөн хэдий ч уламжлал, залгамж чанарыг хадгалсан асуудлууд цөөнгүй байна.

Мөн социалист төрийн үед шүүхийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлэн дүгнэх, урамшуулах, дэвшүүлэх бодлогын нэг нь Улсын дээд шүүхийн нэр дээр гадаад оронд сурган, бэлтгэдэг байсан явдал байх ба энэ нь залгамжлан хэрэгжүүлвэл зохих бодлогын шинжтэй, оновчтой шийдэл шаардсан асуудал гэж үзэж болохоор байна.

Анхаарах хамгийн гашуун сургамж бол хэлмэгдэл, шүүх нь улс төрийн нам, төрийн бусад эрх мэдлийн хяналтад буюу хараат байдалтай, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдал бүх талын хангалттай баталгаагүй байсны хор холбогдлын тухай цогц асуудал.

Социалист төрийн үед шүүх хуралдаанд ардын төлөөлөгч таслах эрхтэй оролцдог байсан байх боловч энэ нь тухайн үед мэргэжлийн эрх зүйч боловсон хүчин байгаагүйгээс гадна санхүүгийн хувьд арвилан хэмнэлт хийх, мөн социалист, хувьсгалт бодлого, хуулийг хэрэгжүүлэхийн тулд хувьсгалт нам, намын бүтцээр дамжигдан бэлтгэгдсэн хүмүүсийг сонгон оруулах зайлшгүй шаардлага үүссэн зэрэгтэй холбоотой байжээ.

Намын засгийн удирдах багийнхан социалист хувьсгалт хууль тогтоомжийг \"дээд удирдах газраас” заавар аван зохион мөрдүүлж, хэрэгжилтэд нь хатуу цагдан хяналт тавьж, хувьсгалт хууль, бодлогын эсэргүү, үзэл санаа нь ялзарсан гэх шалтагаар хэлмэгдүүлэх ажиллагааг гадна, дотны шахалт, заавраар хэрэгжүүлж байв.

Хэлмэгдүүлэлтэд олон мянган гэм зэмгүй сэхээтэн, эх оронч эгэл иргэд, төрийн алба хаагч, шүүгчид хүртэл өртсөн нь хамгийн эмгэнэлт түүх болон үлджээ. Яагаад гэдгийг учир шалтгааныг зайлшгүй эргэцүүлэх ёстой.

Бүр шүүхийн шүүгч нарыг хэлмэгдүүлнэ гэдэг бол тэдгээр шүүгчид хүний эрх, хууль, шударга ёсны төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцсэн буюу жирийн нэгнээс гарахааргүй эр зориг, шударга чанар, хамгийн чухал нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсаны онцгой илэрхийлэл болно.

Үндэстнийг устгахад сэхээтэн, эх орончдыг нь устгах бодлого хэрэгжүүлдэг утга санааг түүхч А.Ж.Тойнби \"Түүх судлал” бүтээлдээ өгүүлсэн нь бидний улсын хувьд энэ нь илэрхий \"нотолгоо, туршилт” болсон мэт.

Монголчууд 1911 онд Манжийн дарлалыг устгасан боловч энэ үеэс Монголын тусгаар тогтнол бүрэн баталгаажаагүй, хоёр талын \"өнгөлзөгч мангас”-ийн дунд цөөхөн Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө олон талт аргаар амь үл хайрлан тэмцсэн байх ба хэлмэгдсэн, амь үрэгдсэн эх оронч, сэхээтэн, эрэлхэг олон зуун хөвгүүдийн амь амьдрал, мөн 2 талаас тонуулсан газар шорооны \"асар их үнэ цэнэ”-ээр \"Өнөөгийн Монгол” тусгаар оршин тогтнож чадсаныг түүх гэрчилнэ. Энэ бол мөнхөд дурсагдах бахархах түүх, бахдам гавъяат үйлс юм. Үүнийг бид хэзээ ч мартаж үл болох билээ.

1911 оноос хойш, ялангуяа 1919-1921 оны хооронд тусгаар тогтнолд үүссэн эгзэгтэй, цөвүүн, эмзэг нөхцөл байдалд, тухайн үеийн төрийн эрх барих буюу гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа тасалдсан тийм нөхцөлд үндэсний үзэлт эгэл малчин, хөдөлмөрч иргэд, сэхээтэн бүрийн эв эе, мэргэн бодлого, торгон мэдрэмж бүхий саруул ухаан, хуулийн үйлчлэлийг шударгаар ханган, хэрэгжүүлж байсан шүүх яам, зохих шатны шүүх, шүүгчийн бодлого, үйл ажиллагаа \"нийгмийн дэг журам, аюулгүй байдал”-ыг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэх боломжгүй юм.

Мөн тусгаар тогтнолоос урвагч, урвахаар ил, далд санаархагч, ар хударгатан зарим хүмүүс нам, төрийн удирдлагад туршуул болон шургалсан нь түүх болон үлдсэн байна.

Ямартаа ч \"Монгол” овогт Улсууд, \"Монгол төр” үүссэн тэр цаг үеэс шүүх буюу шүүгч хэмээх байгууллага, албан тушаалтан бий болсон байх ба агуу их түүхийн адармаатай, ээдрээтэй түм буман нугачаанд \"хүний эрх”-ийг хамгаалах, \"шударга ёс”-ыг тогтоох, \"хууль”-ийг чанд сахиулах чиг үүргээ тасралтгүй хэрэгжүүлж, \"үй түмэн бэрхшээл, сорилт, намын ба засгийн хараа хяналт”-ыг зориг тэвчээр, итгэл зүтгэлтэйгээр даван туулсаар шинэ цаг үетэй золгон улмаар эдүгээгийн ардчилсан төрийн эрх мэдлийн бие даасан салаа буюу \"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” болтлоо хөгжин бэхжиж, төлөвшиж чадсан билээ.

Социалист хууль нь ноёрхогч ангийн ашиг сонирхлын илэрхийлэл ба ноёрхогч анги хуулийн үйлчлэлээс гадуур байсан, харин ардчилсан хууль нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл ба төрийн эрх мэдлийн хийгээд бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хуулийн үйлчлэлээс гадуур байх боломжгүй байдаг. Энэ утгаар социалист төрийн үеийн шүүх нь социалист хууль буюу ноёрхогч анги түүний дур зоргыг хамгаалж байсан бол ардчилсан төрийн үеийн шүүх нь ард түмнийг эрх зүйн хувьд хамгаалагч ба энэ агуулгаар аливаа хууль өөрөө Үндсэн хуульд нийцсэн эсэх буюу нийтлэг эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэхийг хянах \"бүрэн эрх”-ийг хэрэгжүүлэгч юм.

Энэ нь шүүх эрх мэдэл бол, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль ёс болон бусад үнэт зүйлсийг хамгаалах үндсэн механизм, эрх зүйт төрийн оршин хөгжих үндсэн баталгаа буюу өмнөх түүхэнд гарсан аймшигт хэлмэгдүүлэлт, хараа хяналт бусад зүй бус бодлого, зохицуулалт, бохир технологит ажиллагаа дахин давтагдахгүй байх бүхий л боломж эгнэгт бүрдсэний үндэслэл болох юм. Энэ бол эдүгээ шүүхийн бахархах түүх, бахдам амжилт юм.

Аливаа хүний ямарваа асуудалд хандах үзэл бодол, хандлага нь харилцан адилгүй тул \"Монголын шүүх, төр, хууль цаазын түүх”-ийн баялаг эх сурвалжийг судлан, эргэцүүлэл хийж, олон янзын шинэ санал, санаачилга гаргах нь хамгийн чухал. Эргэлзээ, эргэцүүлэл, олон янзын үзэл, хандлагын дундаас зөв шийдэл олж болдог.

Монголын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхийн өмнө сөгдөж, биширмү.

Үнэт зүйлс, шударга ёсны эрлийн төлөөх Монголын шүүхийн гэгээн үйлс өнөд мандан бадраг.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн

эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Г.ГАНБААТАР, УБ, 2016.02.22

. . .