ХЭРГИЙН ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ХӨНГӨРҮҮЛЭН ӨӨРЧИЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.26, 2024/ДШМ/21

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 01, 2024.06.04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”

Тоймын агуулга: Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 5 сард Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.А-г цээж хэсэг рүү өшиглөж, улмаар зууралдаж хамт зуухны дээр унасны улмаас түүний биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад: Аймгийн Прокурорын газар болон Анхан шатны шүүхээс Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж зүйлчлэн шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж дүгнэн Шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Энэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэхдээ гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг сайтар судалж, бусдын биед хүнд гэмтэл учруулах үйлдлээ хүсэж үйлдсэн эсэх, гэмт үйлдэл, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой эсэхийг шалган тогтоох нь чухал юм.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судлахад хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүл, найз нөхдөөрөө ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар хэрүүл маргаан үүсгэх, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай хүнд гэмтэл, хор уршиг учруулах шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоол

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.