ИЖИЛ ТӨСТЭЙ АЖЛЫГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭСЭН НЬ ШАЛГУУР БОЛНО

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Шүүхийн шийдвэрийн дугаар:111/ШШ2024/0007

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №03, 2024.10.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 дугаар тендер шалгаруулалтад 3 компани оролцож, “Е” ХХК шалгарч, гэрээ байгуулагджээ.

Гэтэл дээрх тендер шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж тендерийг, мөн “Е” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг, “Е” компанитай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулахаар “М” ХХК маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Аймгийн Хөдөө аж ахуйн кластер төслийн багц 6 буюу өвлийн хүлэмж барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХХААХҮЯ/202212017 тоот тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-д ...ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих, 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх...-ээр заажээ.

Тендерт оролцогчдын бүрдүүлж өгсөн тендерийн баримт бичгүүдийг харьцуулж үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шалгуур болон тус тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-д тавьсан шаардлагыг хамгийн их хангаж байгаа нь “Е” ХХК байна.

Энэ нь тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-н 17.6-д тусгасан шаардлагыг “Е” ХХК-аас бүрдүүлж өгсөн Тендерийн баримт бичигт “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын захиалгаар 1000мкв /10*100м/ өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ, ажлын үйл явцын зураг, гүйцэтгэлийн тодорхойлолт, комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, тодорхойлолт, бэлэн мөнгөний зарлагын баримт, тооцоо нийлсэн акт, тодруулга зэрэг баримтуудаар нотлогддог, мөн “хамгийн бага харьцуулах үнэтэй тендер” болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 дугаар тендерийг гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг “Е” ХХК-д олгож, гэрээ байгуулсан нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.