ГУРАВДАГЧ ЭТГЭЭД БОЛОХ ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨХӨӨР БАЙХ ТУЛ ХЭРГИЙГ ДАХИН ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БУЦААН ШИЙДВЭРЛЭВ
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2023.04.12, 213/МА2024/00001
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 05, 2024.06.13
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд зааснаар гуравдагч этгээд Д.Г-г архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянан хэлэлцээд гуравдагч этгээдийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.Г нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хүлээн авч хэргийг бүхэлд хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “.....гуравдагч этгээдийг өөрийн насанд хүрээгүй хүүхдүүдийн дэргэд эхнэрийн хамт архийг их хэмжээгээр байнга хэтрүүлэн хэрэглэдэг, хүүхдүүдээ дагуулан согтууруулах ундаа хэрэглэж ухаангүй байх үед хүүхэд тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох гэж байхад цагдаагийн албан хаагч таслан зогсоосон, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, нийтийн ёс суртахууны хэм хэмжээ, захиргааны журмыг байнга зөрчдөг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтогдсон...” гэж тайлбарлажээ.
Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлтийг үзлэг хийснээс хойш 24 цагийн дотор гаргах, хүсэлт гаргагч нь тухайн хүн согтуурах, мансуурах донтой тухай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэйг хуульчилсан.
Цагдаагийн байгууллага нь гуравдагч этгээдэд холбогдох Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн комиссын дүгнэлтийг шүүхэд баримтаар гаргасан, шүүх уг дүгнэлтийг огноог анзааралгүй хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь Д.Г-г албадан эмчилгээд хамруулах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан атлаа нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн комиссын дүгнэлтийг үндэслэн хүсэлт гаргаж болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрхтэй боловч Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалах тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болно.
Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2024/00101 дугаар шийдвэр
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.