НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ НОТЛОХ БАРИМТЫГ ХУУЛЬД ЗААСНААР ГАРГАЖ ӨГӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТУЛ НЭХЭМЖЛЭЛ ХАНГАГДАХГҮЙ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.06.16, 213/МА2022/00016

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 06, 2024.06.13

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”

Тоймын агуулга: Нэхэмжлэгч Л.Н нь анхан шатны шүүхэд  хариуцагч О.Б-д холбогдуулан “..1998-1999 онд бараа худалдсаны  үнэнд 3 толгой хонь, 2004 онд гэрийг нь нүүлгэж өгсөн ажлын хөлсөнд 2  толгой хонь,  нийт 5 толгой хонийг 16 жилийн хугацаанд 7 ширхэг хонины үнэлгээгээр тооцож, нийт 1,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, худалдаж авсан барааны төлбөрийг тухай бүрд нь мал өгч төлсөн, 2004 онд гэрийг нь нүүлгэсэн хөлсийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргасныг шүүх хянан хэлэлцээд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагчаас 1,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой нотлох  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Харин нэхэмжлэгч нь анхан шатны шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Э, Н.Д нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд зааснаар эрх, үүргийг тайлбарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулжээ. Гэрчүүд талуудын маргааны талаар дамжмал байдлаар сонссон гэх мэдүүлснээс үйл баримтын талаар шууд гэрчлэх этгээд биш, тухайн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй, нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтаа хуульд зааснаар нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болжээ. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00155 дугаар шийдвэр

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.